Завхан аймгийн Баянтэс суманд баавгай өвөлжөөнд барьж орхисон эзэнгүй айлын гэр рүү дайран орж, эд зүйлсийг нь сүйтгэсэн хэрэг гарчээ.
Уг тохиолдол аравдугаар сарын 20-нд Баянтэс сумын Ар хөндий гэх газарт болсон байна. Тухайн айл өвөлжөөндөө гэрээ бариад эзгүй орхисон байсан бөгөөд баавгай гэрт нэвтэрч, доторх эд зүйлсийг эвдэлж сүйтгэсэн аж.
Аз болоход тухайн үед гэрт хүн байгаагүй тул хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.
Албаныхны мэдээлснээр энэ үеэр баавгайн ичээнд орох хугацаа ойртож байгаа тул малчид болон орон нутгийн иргэд онцгой анхаарал болгоомжтой байх шаардлагатай болжээ.
Ялангуяа өвөлжөө, бууц, хашаа хороо, өвсний хашаа болон эзгүй гэрээ эргэж очихдоо шууд ойртохгүй, эхлээд холоос дурандаж орчныг шалгахыг зөвлөсөн байна.
Мөн автомашин, мотоцикл зэрэг техник хэрэгслээр зорчиж байгаа бол тодорхой хэмжээний чимээ гаргаж, зэрлэг амьтан байгаа эсэхийг урьдчилан мэдэгдэх байдлаар болгоомжтой ойртохыг анхааруулжээ.
Ичээний өмнөх үед баавгай хүнс эрж суурьшлын бүс, өвөлжөө бууц орчимд ойртох эрсдэл нэмэгдэж болох тул ганцаараа зорчихгүй байх, зэрлэг амьтанд хэт ойртохгүй байх, мөр гарсан тохиолдолд тухайн газраас зай барих нь чухал юм.