Жефф Безос AI хөгжвөл 3 өдрийн ажлын долоо хоног боломжтой гэж үзэв

Хиймэл оюун ухаан (AI)-ын ачаар бүтээмж өсөх нь ирээдүйд америкчуудад долоо хоногт гуравхан өдөр ажиллах, эсвэл гэр бүл нэг хүний орлогоор амьдрах боломж бүрдүүлж магадгүй гэж Amazon-ыг үндэслэгч Жефф Безос үзэж байна.

Forbes-ийн мэдээлснээр, тэрээр AI-аас болж ажлын байр олноороо үгүй болно гэсэн таамагтай санал нийлээгүй байна. Харин одоо эхнэр, нөхөр хоёулаа ажилладаг гэр бүлүүд ирээдүйд хоёр дахь орлогоос татгалзах боломжтой болж магадгүй гэж Безос таамаглажээ.

Түүний үзэж буйгаар, технологийн хөгжил ажилгүйдэл нэмэгдүүлэхээс илүүтэй ажиллах хүчний хомсдолд хүргэх магадлалтай аж. Amazon сүүлийн нэг жилийн хугацаанд ойролцоогоор 30 мянган ажилтнаа цомхотгосныг Безос COVID-19 цар тахлын дараах идэвхтэй ажилд авалт, ажилтны тоо огцом өссөнтэй холбон тайлбарласан байна.

Үүнээс гадна Amazon-ыг үндэслэгч AI-ыг “бодит” технологи гэж нэрлээд, одоогоор түүний эргэн тойронд аж үйлдвэрийн шинжтэй хөөс үүсэж байж болзошгүйг хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлснээр, уг хөөс хагарсны дараа хөрөнгө оруулагчид мөнгөө алдсан ч технологийн ололт, шинэ бүтээлүүд үгүй болохгүй бөгөөд технологийн төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалт нийгэмд үр өгөөжөө өгөх боломжтой.

Forbes-ийн тооцоолсноор, Безосын хөрөнгө ойролцоогоор 378.6 тэрбум ам.доллар бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Түүний өмнө нэг их наяд ам.доллароос давсан хөрөнгөтэй Илон Маск оржээ.

AI-ын хөгжил ажлын долоо хоногийг богиносгох боломжтой гэсэн санаа Безосын мэдэгдлээс нэлээд өмнө ч яригдаж байсан. 2023 онд JPMorgan Chase-ийн гүйцэтгэх захирал Жейми Даймон болон Microsoft-ын хамтран үндэслэгч Билл Гейтс энэ талаар ярьж байжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу