Израилын эрх баригчид хөдөлгөөнд оролцож байх үед жолооч гар утсаа ашиглахтай тэмцэх бодлогоо эрс чангатгахаар бэлтгэж байна. Тель-Авиваас мэдээлснээр, жолоо барьж явахдаа мессеж бичих, утсаар оролдох үйлдэлд оногдуулах торгуулийн хэмжээг хэд дахин өсгөх журам боловсруулагдаж буй аж.
Жолооны ард мессеж бичвэл 10 мянган шекелийн торгуультай болно
Тус улсын Зам, тээврийн сайд Мири Регевийн тайлбарласнаар, жолоо барьж байхдаа мессеж бичсэн тохиолдолд 10 мянган шекель буюу ойролцоогоор 3 мянган ам.долларын торгууль ногдуулах санал боловсруулж байна.
Тэрээр хэлэхдээ:
“мессеж бичвэл 10 мянган шекелийн /3 мянган доллар/ торгууль ногдуулах журмыг боловсруулж байгаа ажээ. Зөрчил гаргасан тохиолдолд шүүхээр хэлэлцэхгүйгээр цагдаа нар газар дээр нь шууд торгууль бичих гэнэ. Мөн давтан зөрчил гаргавал автомашиныг нь шууд хураана гэдгийг сайд анхаарууллаа.”
Ингэснээр гар утасны хэрэглээтэй холбоотой зөрчлийг шүүхээр дамжуулалгүй, шууд газар дээр нь шийтгэдэг хатуу дэг журам тогтоохоор төлөвлөж байна.
Зам тээврийн ослын 80 хувь нь хүний хүчин зүйлтэй холбоотой
Мири Регевийн мэдээлснээр, Израил дахь зам тээврийн ослын дийлэнх буюу 80 орчим хувь нь хүний алдаа, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй. Хэт ядарсан үедээ жолоо барих, согтууруулах ундаа хэрэглэсний дараа тээврийн хэрэгсэл жолоодох, хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаар оролдох зэрэг нь ослын хамгийн түгээмэл шалтгаануудын тоонд багтаж байна.
Энэ онд Израилын зам дээр гарсан ослын улмаас 400 гаруй хүн амь насаа алдсан нь эрх баригчдыг торгууль, хариуцлагын бодлогоо чангатгах шалтгаан болсон байна.
Бусад зөрчлүүдэд ногдуулах торгууль ч нэмэгдэнэ
Шинэ журмаар зөвхөн гар утас хэрэглэсэн жолоочид бус, улаан гэрлээр нэвтрэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэрэг ноцтой зөрчилд оноох торгуулийг ч мөн өсгөхөөр төлөвлөжээ.
Эдгээр өөрчлөлтийг агуулсан төслийг Израилын парламент болох Кнессетийн Эдийн засгийн комисст өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна. Сайд Регевийн хэлснээр, Замын цагдаагийн алба болон Хууль зүйн яам хамтран хамгийн ноцтойд тооцогдох зөрчлүүдийн нарийвчилсан жагсаалтыг боловсруулж байгаа аж. Түүнчлэн зөрчил илрүүлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн багуудыг тогтмол ажиллуулж, хяналтыг эрс чангатгана.
Нийтийн тээврийг сонгохыг уриалав
Замын хөдөлгөөн байнга ихээр саатдаг, түгжрэлд удаан зогсох шаардлагатай жолооч нарт хандан Тээврийн сайд нийтийн тээврийг идэвхтэй ашиглахыг уриалжээ. Ингэснээр нэг талаас түгжрэлийг бууруулах, нөгөө талаас жолооны ард гар утас ашиглах, анхаарал сарниулах эрсдэлтэй нөхцөлийг багасгах боломжтой гэж үзэж байна.






Энэ үнэхээр өндөр торгууль байна
Ямар ч байсан аюулгүй байдлаа бодох хэрэгтэй