НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана.
Нийслэлээс зам, тохижилт, дэд бүтцийн ажлыг хариуцаж байна
Тус олон улсын хурлын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн зүгээс түр байгууламж, авто замын тохижилт, инженерийн шугам сүлжээ зэрэг ажлыг хариуцан хэрэгжүүлж байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр авто зам болон явган замын бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна
Тэрбээр “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Тухайлбал, 24 мянган ам метр талбайд цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурийг хийсэн. 18 мянган ам метр талбайд суурь асфальт бетон хучилтыг хийж дууссан байна. Бид долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ.