5.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Л.Оюун-Эрдэнэ Ганцмод боомтод айлчилж, төмөр замын түүхэн холболт, эрчим хүчний шинэ шатны хамтын ажиллагааг эхлүүлэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын 14-нд БНХАУ-ын Өвөр Монголын Ганцмод боомтод ажиллаж, хоёр улсын хил холболтын түүхэн төслийн хэрэгжилттэй танилцав. Айлчлалын хүрээнд тэрбээр “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй, ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн, мөн нүүрс худалдан авагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй тус тус уулзлаа.

Гашуунсухайт-Ганцмод: Түүхэн төмөр замын холболт бодит ажил болж байна

Ерөнхий сайд Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр замын бүтээн байгуулалт эхэлж буйг онцолж, хоёр орны уул уурхайн бүтээгдэхүүний урсгалыг нэмэгдүүлэх, ялангуяа нүүрсний худалдааг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэхэд чухал дэмжлэг болохыг тэмдэглэв. Тэрбээр “Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төсөл бол хамтын ажиллагааны шинэ түвшний эхлэл юм” хэмээн онцолсон юм.

Энэхүү холболт нь хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан 14 мега төслийн нэгдүгээрт багтаж байгаа бөгөөд ийнхүү бодит ажил болон эхэлсэн нь хоёр талын харилцааны томоохон ахиц гэж дүгнэв.

Чайна Энержитэй эрчим хүчний гүн хамтын ажиллагаа эхэлнэ

“Чайна Энержи” компанийн удирдлагатай уулзах үеэр хоёр тал Монголын говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцийг ашиглан хамтарсан төсөл хэрэгжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

Нүүрсний худалдааг төрөлжүүлж, бизнесийн орчныг сайжруулна

Ерөнхий сайд БНХАУ-ын нүүрс худалдан авагчдын төлөөлөлтэй уулзах үеэр худалдаанд тулгарч буй хүндрэлүүд, хууль эрх зүйн саад бэрхшээлийг шийдвэрлэхэд урт хугацааны, тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагаа шаардлагатайг онцлов. Мөн нүүрсний борлуулалтад олон төрөлт аргачлал нэвтрүүлэх нь талуудын ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах чухал нөхцөл болохыг тэмдэглэв.

Сүнь Шаочөн: Хоёр дахь төмөр замын холболт харилцааны шинэ хуудас

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ганцмод боомтод ажиллах үеэр ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхаж, хоёр орны хооронд 1955 онд байгуулсан төмөр замын хэлэлцээрийн үргэлжлэл болгон Гашуунсухайт-Ганцмодын холболт түүхэн ач холбогдолтойг онцлов.

Хамтын ажиллагааны гол чиглэлүүд:

  • Нүүрсний экспорт, импортын тогтвортой хэлбэрийг хөгжүүлэх
  • Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалал, цөлжилттэй тэмцэх төслүүд
  • Хил дамнасан аялал жуулчлал, машинтай аяллын эрх зүйн орчныг бүрдүүлэх
  • Монгол-Хятадын ЭКСПО-5 арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтрах

Ийнхүү Ганцмод боомт дахь айлчлал нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийг эдийн засгийн салбарт бодит төсөл, бүтээн байгуулалтаар баталгаажуулсан, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлсэн чухал үйл явдал боллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here