Парис хотын нэгэн оршин суугч ердөө 100 еврогоор буяны сугалаанд оролцоод Пабло Пикассогийн өндөр үнэлгээтэй бүтээлийг хожсон нь олны анхаарлыг татлаа.
58 настай Ари Ходара гэх энэ эр “100 еврогоор нэг Пикассо” нэртэй сугалаанд тасалбар авч оролцсон бөгөөд азтан болж, алдарт зураачийн “Эмэгтэй хүний нүүр” нэртэй зургийг өөрийн болгосон байна. Пикассогийн уран бүтээлийг олон жилийн турш биширч ирсэн тэрээр ресторанаар үйлчлүүлж байхдаа энэ сугалааны талаар санамсаргүй мэдээд тасалбараа авчээ. Харин өөрийгөө ялагч болсон тухай сонсоод эхэндээ зохион байгуулагчид түүнтэй тоглож байна гэж хүртэл бодсон гэнэ.
Сугалааны тохирлыг мягмар гарагт Christie’s дуудлага худалдааны ордонд явуулсан байна. Энэ удаагийн арга хэмжээнд дэлхий даяар нийт 120 мянган тасалбар борлуулагдаж, ойролцоогоор 12 сая евро төвлөрчээ. Уг буяны сугалааг Альцгеймерийн өвчний судалгаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд цугларсан орлогыг шинжлэх ухааны төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар болсон байна.
Мөн ойролцоогоор 1 сая евро нь зургийг эзэмшиж байсан Opera Gallery-д шилжих аж. Тус галерейн үүсгэн байгуулагч Жиль Дианы тайлбарласнаар, энэ бүтээлийн зах зээлийн үнэлгээ нь 1.45 сая евро орчим байдаг ч буяны зорилгыг харгалзан хямдруулсан нөхцөлөөр сугалаанд оруулжээ.
Энэхүү сугалааг Парис хотын улсын тэргүүлэх эмнэлгүүдийн дэргэдэх Альцгеймер өвчний судалгааны сан зохион байгуулсан байна. Энэ нь ийм төрлийн анхны төсөл биш юм. 2013 онд болсон ижил төстэй буяны сугалаагаар АНУ-ын гал түймэртэй тэмцэх албаны нэг ажилтан Пикассогийн 1914 оны “Дуурийн малгайтай хүн” бүтээлийг хожиж байсан бол 2020 онд Италийн нэгэн эмэгтэй Пикассогийн натюрморт зургийн эзэн болж байжээ.