Цагдаагийн байгууллагад 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Дорнод аймгийн бүсийн оношилгооны төвийн эрчимт эмчилгээний тасагт нохойд хазуулсан хүүхэд хүргэгдлээ” гэсэн мэдээлэл иржээ. Урьдчилсан шалгалтаар нэг настай эрэгтэй хүүхэд тавдугаар сарын 13-ны 22:00 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртож, шилэн хүзүүгээ хазуулсан бөгөөд одоогоор эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.
Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс өгсөн мэдээллээр, дулааны улирал эхэлж, хүүхдүүдийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор нохойд хазуулах тохиолдол өсөх хандлагатай байгаа аж. 2024 оны байдлаар улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулсан нь бүртгэгдэж, тэдгээрийн 77.2 хувь нь Улаанбаатар хотод гарсан байна. Түүнчлэн нохойд хазуулсан тохиолдлуудын 46.4 хувийг 0-19 насны хүүхдүүд эзэлж байгаагийн дийлэнх нь 5-9 насныхан байгаа юм.
Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар, нохойд хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд шархыг цэвэр даавуугаар боож, яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Мөн галзуугийн вакцинд заавал хамрагдах шаардлагатай.
ГССҮТ-өөс иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
- Хүүхдэд нохойны сүүл, хүзүүгээс татахгүй байхыг сануулах
- Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх
- Гудамж, олон нийтийн газраар болгоомжтой зорчих
- Нохойтой айлд орохдоо нохой нь уяатай, хошуувчтай эсэхийг лавлах
- Олон тооны нохойтой газраас хол байх
- Нохой дайрах үед газар сууж, тайван байж биеэ хамгаалах
- Гэрийн нохойг хашаанд уях, гадуур сул тавихгүй байх
- Гадуур нохойтой явахдаа хошуувч, хүзүүвчтэй, хөтлөх
- Бага насны хүүхдийг нохойтой хамт орхихгүй байх
- Хооллож буй эсвэл унтаж буй нохойг оролдохгүй байх
Хэрэв нохойд хазуулсан бол дараах арга хэмжээг авах хэрэгтэй:
- Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах
- Галзуугийн вакцин хийлгэх
- Шархнаас их хэмжээний цус гарч байвал цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боох
- Халдвараас сэргийлж, шархыг тогтмол цэвэрлэх, ариун боолтоор боох
Эцэг, эхчүүд бага насны хүүхдийг нохойтой орчинд хяналтгүй орхихоос зайлсхийж, дээрх сэрэмжлүүлгийг мөрдөх нь эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад нэн чухал юм.