5.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Талбайн дуу хоолой: Сөрөг хүчин үүргээ биелүүлээгүйгээс төрд хяналт алдагджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүхбаатарын талбайд үргэлжилж буй “Огцрох амархан” нэртэй эсэргүүцлийн жагсаал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо ил тод тайлагнах, эс тэгвээс огцрохыг шаардаж байна. Энэ жагсаалд нэгдэж буй иргэдийн дийлэнх нь залуус бөгөөд тэд сошиал орчноос давж, талбай дээр өөрсдийн дуу хоолойг хүргэхийг илүүд үзжээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин жагсаалын үеэр байр сууриа илэрхийлэхдээ, залуусын дуу хоолойг олон нийтийн сүлжээгээр дамжуулан бус, нүүр тулсан байдлаар илэрхийлж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр өнгөрсөн хугацаанд сонин хэвлэл, одоо сошиал орчин хүртэл арилжааны шинжтэй, хяналттай болсон тул иргэд өөрсдөө нэр нүүрээ нуухгүйгээр бодит байдлыг илэрхийлэх шаардлагатай болсныг онцлов.

Түүний үзэж буйгаар зөвхөн залуус ч бус бүх иргэдийн дуу хоолой чухал бөгөөд энэ нь ардчилсан засаглалын тэнцвэрт байдалд чухал нөлөөтэй. Иргэд “ингэж болохгүй байна” гэж хэлэхээс айхгүй байх ёстой. Гэвч өнөөдөр сөрөг хүчин оршин тогтнохоо больсон нь эрх баригчдад хяналт тавих боломжийг үгүй болгож, төрийн институцүүдийн зохистой харилцаа алдагдахад хүргээд байна гэж тэр үзэж байна. Түүний хэлснээр, тэр хувь хүнийхээ болон УИХ-ын гишүүнийхээ хувьд ч хамтарсан засгийн газрыг дэмждэггүй. Уг засгийн газрын мөрийн хөтөлбөр болон гэрээг олж үзэж ч чадаагүй нь ч энэ байр суурийг нь улам бататгажээ.

Д.Энхтүвшингийн тайлбарласнаар улс орны эдийн засагт баялгийн тэгш бус хуваарилалт үргэлжилж, дундаж давхаргын иргэдийн амьдралд бодит сайжрал гарсангүй. Тэрээр нэг хүнд ногдох ДНБ 8000 ам.долларт хүрсэн ч, сүүлийн 10 жилийн хугацаанд иргэдийн бодит цалин зөвхөн 8 хувиар нэмэгдсэн хэмээн шүүмжиллээ. 400 доллар байсан цалин өнөөдөр 440 доллар болж өссөн нь үнэндээ амьжиргааны зардалтай уралдаж гүйцэхгүй түвшинд байгаа аж.

Тэр мөн инфляцийг “чимээгүй татвар” хэмээн нэрлэж, иргэдийн орлогын дийлэнх нь зайлшгүй худалдан авалтанд зарцуулагдаж буйг онцлов. Түүний үзэж буйгаар ийм нөхцөлд Ардчилсан Нам жинхэнэ сөрөг хүчний үүргээ биелүүлж, эдийн засаг, нийгмийн бодлогод хяналт тавих ёстой. Харин эрх баригч МАН өөрийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө зөрсөн бодлого хэрэгжүүлж, нэр дэвшин сонгогдсон хүмүүсийн итгэл үнэмшил хүртэл өөрчлөгдөж байна гэж шүүмжиллээ.

Төрийн байгууллагууд хүртэл өнөөдөр “Засгийн газар унах нь үү” гэсэн байдалтай болгоомжтой, идэвхгүй ажиллаж байгаа нь улс төрийн тодорхойгүй байдлыг улам гүнзгийрүүлж байна. АН-ын гишүүд ч асуудалд хөндлөнгийн байр сууринаас хандаж байгаа нь бодлогын хариуцлага алдагдахад хүргэжээ. Харин УИХ-д оруулж ирж буй бодлогын асуудлуудыг Ардын нам дангаар боловсруулж, шийдвэр гаргаж байгаа нь сөрөг хүчингүй орчин бүрдсэнийг батлах жишээ хэмээн тэр тайлбарлав. Тиймээс АН сөрөг хүчний үүргээ бүрэн хэрэгжүүлж, хамтарсан засгийн газрын ойлголтыг таслан зогсоох ёстой гэж тэр онцолсон юм.

Хэрэв засаглалын тэнцвэр алдагдаж, намууд үүргээ умартвал төрийн бодлого тодорхой бус, итгэл үнэмшилгүй болж, иргэдийн амьдрал доройтсоор байх болно. Хүмүүсийн амьдрал хангалттай сайн байсан бол тэд ажлын өдөр талбай дээр гарах шалтгаангүй байх байлаа. Гэтэл өнөөдөр олон залуу жагсаалд нэгдэж байгаа нь нийгмийн гүн гүнзгий асуудлыг илэрхийлж буй бодит дохио юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here