Европын Холбоо болон Их Британи улсууд АНУ-ын шийдвэрийг хүлээлгүйгээр ОХУ-ын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээнүүд зарлалаа. Энэ нь Дональд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсны маргааш гарсан шийдвэр бөгөөд Трампын удирдлагатай АНУ-ыг энэ удаад түрүүлэн шийдвэр гаргаагүй байхад Европ түншүүд нь бие даасан хариу арга хэмжээ авсныг илтгэж байна.
Шинэ хориг арга хэмжээ нь голчлон Оросын газрын тос тээвэрлэлтийн “сүүдрийн флот”, мөн тэдгээртэй холбоотой санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах чиглэлтэй юм. ЕХ болон Их Британи энэ үйлдлээ Оросын түрэмгийллийн эсрэг шууд хариу үйлдэл хэмээн тодорхойлсон.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэлдээ:
“Хориг арга хэмжээ чухал бөгөөд үүнийг дайны гэмт хэрэгтнүүдэд бодитой мэдрүүлж байгаа хүмүүст би талархаж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Сүүлийн өдрүүдэд Европын удирдагчид АНУ-ыг шинэ хоригт нэгдэхийг уриалан Трампын удирдлагатай Вашингтонтой идэвхтэй лобби хийж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Германы Гадаад хэргийн сайд Иоханн Вадефул энэ тухай:
“Бид Оросоос нэг зүйлийг тодорхой хүлээж байгаа. Энэ бол ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр нэн даруй гал зогсоох. Хүлээж аваагүй учраас бид хариу арга хэмжээ авах ёстой” гэж Европын Холбооны гадаад хэргийн сайд нартай уулзахдаа мэдэгдсэн.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд “Ямар арга хэмжээ авахаа судалж байна. Удахгүй тодорхой болно” гэхээс илүү дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байгаа бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай гал зогсоохоор санамж бичиг байгуулах саналыг тавьсан ч одоогоор ямар нэг тохиролцоонд хүрээгүй байна.
Истанбул хотод болсон Украины болон Оросын төлөөлөгчдийн уулзалт ч амжилтад хүрээгүй бөгөөд ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова:
“Одоо бөмбөг Киевийн талбайд байна” хэмээн хэлж, хариуцлагыг Украины тал руу чиглүүлжээ.
Францын гадаад хэргийн сайд Жан Ноэль Барро:
“Путиний империалист уран зөгнөлийг зогсооход хүчээ нэгтгэцгээе” хэмээн мэдэгдсэн бол Их Британийн гадаад хэргийн сайд Дэвид Ламми:
“Энх тайван тогтоох оролдлогыг саатуулах нь бидний дэмжлэг болон хориг арга хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шалтгаан болно” хэмээн мэдэгдсэн байна.
Шинэ хориг нь Их Долоогийн тогтоосон баррель тутмын $60-ын газрын тосны үнийн дээд хязгаарыг зөрчиж буй “сүүдрийн флот”-ын эсрэг чиглэсэн бөгөөд газрын тосны үнийг цаашид бууруулах алхмуудыг авч хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа Европын эрх баригчид онцолжээ.