2025 оны эхний хагаст Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд зэрэг нийт долоон аймгийн 15 сургууль, цэцэрлэгт хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын талаар нарийвчилсан тандалт судалгаа явуулжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн Улаанбаатар хотын зургаан дүүрэгт байрлах арван орчим сургуулийг энэхүү шалгалтад хамруулаад байна.
Тухайлбал, МУБИС-ийн ерөнхий боловсролын лицей болон 47-р сургуулийн гал тогоонд эрүүл ахуйн стандартад нийцэж буй эсэхийг шалгах зорилгоор нян, бактерийн дээж авч, гал тогооны агааржуулалт, орчны нөхцөл, хоолны шим тэжээлийн үзүүлэлт зэргийг шинжилж эхэлсэн байна.
Шалгалтын үр дүнд дараах ноцтой зөрчлүүд илэрчээ:
- Сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар, төрөл бүрийн нян, бактер илэрсэн
- Тогооч нар эрүүл ахуйн шаардлага хангаагүй хувцас, хэрэгслээр ажиллаж байсан
- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээлийн хэмжээ 10 хувиар хэтэрсэн
- Харин сургуулийн хүүхдийн хоолны шим тэжээл 35 хувиар дутуу гарсан
Эдгээр зөрчлүүд нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд эрсдэл үүсгэж болзошгүй тул цаашид хяналт, хариуцлагыг чангатгах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.