Технологийн салбарын мультимиллионер Adam Robinson гэр бүлийнхээ хамт Флорида мужид болсон хувийн бизнес-жетийн ослоор амиа алдсан талаар BBC мэдээлжээ.
Түүний Learjet 60 загварын онгоц Палм-Бич тойргийн орон сууцны бүсийн ойролцоо, хурдны замын дэргэд осолдсон байна. Ослын улмаас онгоцонд зорчиж явсан нийт есөн хүн бүгд амиа алджээ.
Сошиал сүлжээнд тарсан ослын бичлэгүүд олны анхаарлыг татсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Гэр бүлээрээ Багамын арлуудыг зорьж байжээ
Амиа алдсан хүмүүсийн дунд 44 настай Adam Robinson, түүний 40 настай эхнэр Helen Sharp болон тэдний хоёр бага насны хүүхэд болох Emma, Charlie нар байжээ.
Гэр бүл Техас мужийн Остин хотоос Багамын арлууд руу нисэж байсан бөгөөд Adam Robinson-ы төрсөн өдрийг тэмдэглэхээр зорьж явсан гэж мэдээлсэн байна.
Мөн онгоцонд хүүхдүүдийн асрагч, гэр бүлийн танилууд болон хоёр нисгэгч зорчиж байжээ.
Нисгэгчдийн нэг нь 55 настай Jeffrey Gregory байсан бол хоёрдугаар нисгэгчээр 20 настай Natalia Filgueiras ажиллаж байсан байна.
Эх сурвалжид дурдсанаар Natalia Filgueiras 17 настайдаа нисгэгчийн үнэмлэх авч, осол болохоос өмнө 1,300 гаруй цагийн нислэгийн туршлагатай болсон байжээ.
Хүчтэй турбулент болон мөстөлтийг мэдээлсэн байна
АНУ-ын National Transportation Safety Board буюу NTSB-ийн мэдээлэл болон нислэгийн үеийн радио харилцааны бичлэгээс үзэхэд багийнхан ослын өмнө хүчтэй турбулент болон онгоц мөстөж буй талаар диспетчерт мэдээлсэн байна.
Эдгээр хүчин зүйл осолд нөлөөлсөн байж болзошгүй хувилбаруудын нэгээр шалгагдаж байгаа аж.
Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа тул ослын шалтгааныг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна.
Learjet 60 нь бизнесийн болон хувийн нислэгт өргөн ашиглагддаг тийрэлтэт онгоцны загвар юм.
Lenny Kravitz онгоцонд байсан гэх цуурхлыг няцаажээ
Осол болсны дараахан сошиал сүлжээнд дуучин Lenny Kravitz тухайн бизнес-жетэд зорчиж явсан гэх мэдээлэл тархсан байна.
Гэвч уран бүтээлчийн албан ёсны төлөөлөгч энэ мэдээллийг няцааж, Lenny Kravitz онгоцонд байгаагүйг мэдэгджээ.
Ийнхүү Adam Robinson болон түүний гэр бүлийнхэн амиа алдсан ослын яг шалтгааныг тогтоохоор АНУ-ын холбогдох байгууллагууд мөрдөн шалгалтаа үргэлжлүүлж байна.