Улаанбаатар нийтийн тээвэрт том шинэчлэл хийнэ: Ирэх онд 160 автобус авахаар төлөвлөжээ

Улаанбаатар хот нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүлээлгийн хугацааг бууруулах зорилгоор 2027 онд автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Хотын дарга Б.Пүрэвдагвагийн мэдээлснээр нийт 160 автобус авахаар тооцсон байна.

Мөн ирэх оны нийслэлийн төсвийг 2026 оны арваннэгдүгээр сарын 20-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих аж. Төсвийн гол чиглэлд түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах болон дэд бүтцийг сайжруулах ажлууд багтжээ.

Замын хөдөлгөөний хурд 3 км/цаг хүртэл буурчээ

Хотын дарга Б.Пүрэвдагва нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдлын талаар:

“Замын хөдөлгөөний урсгал хурд 5 км/цаг болоход “0” зогсолт болсон гэж үздэг. Гэтэл аравдугаар сарын 26-нд замын хөдөлгөөний хурд 3 км/цаг болсон. Шатахуун түгээх станцуудын орчимд замын нэг, хоёрдугаар эгнээг дамнан оочер үүссэнээр хөдөлгөөн удааширч, нийтийн тээврийн зорчилтод саад учруулсан. Нийтийн тээвэрт учирч буй асуудлыг шийдэхийн тулд 13 чиглэлд 21 автобус нэмсэн. Богино эргэлтийн зургаан шинэ чиглэл нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар паркаа шинэчилнэ. Цахилгаан 60, хүүхдийн 40, дунд болон богино эргэлтийн 50 автобус авна. 2027 оны төсвийг арваннэгдүгээр сарын 20-нд НИТХ-д өргөн барина. Ирэх оны төсөв нь түгжрэл, утааг бууруулах, дэд бүтцийг сайжруулах чиглэлд зориулагдана. Мөн 2027 онд их багтаамжийн тээврийг бодит болгоход үр дүн гаргахын төлөө байгаа. Одоогоор Sky Shuttle, хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх зэрэг ажил үргэлжилж байна. Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар бэлдэж байгаа. Өнгөрсөн оны статистикаар 640 мянган иргэн нийтийн тээврээр өдөр бүр үйлчлүүлж байсан бол энэ өвөл 750 мянга болж нэмэгдсэн. Иргэддээ үйлчилгээг бэлэн байлгах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээх хугацааг богиносгох шаардлагатай учраас парк шинэчлэлтийг 160 автобусаар хийж байна. Ирэх жил Энхтайваны өргөн чөлөө, эсвэл Архивын Ерөнхий Газраас 120 мянгат руу их багтаамжийн тээвэр орж ирвэл нийтийн тээврийн хүртээмж илүү сайжирч, цагаараа явах боломж бүрдэнэ. Одоогоор автобуснууд дунджаар 10-15 км/цагийн хурдтай явдаг. Үүнийг илүү хурдасгах, ирж байгаа цагийг тодорхой болгох нь чухал” гэлээ.

Нийтийн тээврээр зорчигчдын тоо 750 мянгад хүрчээ

Өнгөрсөн оны статистикаар нийслэлд өдөрт ойролцоогоор 640 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг байсан бол энэ өвөл уг үзүүлэлт 750 мянгад хүрсэн байна.

Зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор автобусны хүртээмжийг сайжруулах, буудал дээрх хүлээлгийг багасгах, хөдөлгөөний цагийг илүү тодорхой болгох шаардлага тулгарч байгаа аж.

Одоогоор автобуснууд замын нөхцөлөөс шалтгаалан дунджаар 10-15 км/цагийн хурдтай зорчиж байна.

Sky Shuttle, хөнгөн галт тэрэг, дүүжин тээврийн ажлууд үргэлжилж байна

Хотын захиргаа 2027 онд их багтаамжийн нийтийн тээврийн төслүүдэд ахиц гаргахаар төлөвлөжээ. Үүнд Sky Shuttle болон хөнгөн галт тэрэгний төслүүд багтаж байна.

Мөн дүүжин тээврийг 2026 оны арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа талаар хотын дарга мэдээлсэн байна.

Ирэх онд Энхтайваны өргөн чөлөө эсвэл Архивын Ерөнхий Газраас 120 мянгат хүртэл их багтаамжийн тээврийн шийдэл нэвтрүүлж чадвал нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, зорчих хугацаа илүү тогтвортой болох боломжтой гэж хотын удирдлага үзэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу