Сансрын хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийг 22 жилийн турш ажигласан NASA-гийн Swift сансрын дуран тойрог замаа алдаж, энэ Баасан гараг орчим дэлхийн агаар мандалд дахин нэвтрэн шатах төлөвтэй байна.
Ойролцоогоор 1.5 тонн жинтэй Swift Observatory-г АНУ-ын Сансрын хүчин одоогоор хянаж байгаа бөгөөд аппаратын ихэнх хэсэг агаар мандалд шатаж устах боловч зарим эд анги газрын гадаргад хүрч магадгүй гэж тооцоолжээ.
NASA-гийн Swift төслийн ахлах эрдэмтэн Brad Cenko-ийн хэлснээр хар тугалганаас ч нягт вольфрамаар хийсэн хэд хэдэн эд анги болон толины зарим хэсэг дахин нэвтрэх үеийг тэсэж үлдэх боломжтой байна.
Хэрэв хэлтэрхий гадаргад хүрвэл далайд унах магадлал хамгийн өндөр. Гэхдээ тооцоолсон бүсэд Африк, Австрали, Энэтхэг, Зүүн Өмнөд Ази, Төв болон Өмнөд Америкийн өргөн уудам нутаг багтаж байгаа аж.
Нарны идэвхжил Swift-ийг төлөвлөснөөс хурдан доошлуулжээ
Сүүлийн жилүүдэд Нарны идэвхжил нэмэгдсэнээр дэлхийн дээд агаар мандал тэлж, Swift-ийн тойрог замын өндрийг төлөвлөснөөс хурдан бууруулсан байна.
NASA ойролцоогоор жилийн өмнө аппаратыг аврах яаралтай ажиллагаанд Katalyst Space компанийг татан оролцуулжээ.
Тус компанийн гурван гартай Link робот долоодугаар сард хөөрсөн ч техникийн асуудал гарч, Swift-д 12-15 километрээс илүү ойртож чадаагүй байна. Улмаар Link есдүгээр сард өөрөө дэлхий рүү унажээ.
Аврах оролдлого зогссоны дараа Swift хэсэг хугацаанд ажиллагаагаа үргэлжлүүлж, шинэ гамма-цацрагийн тэсрэлт болон бусад маш өндөр энергитэй үзэгдлүүдийг дахин бүртгэсэн байна.
Гэвч аравдугаар сарын сүүл гэхэд аппарат хэт доошилж, тогтвортой байрлалаа хадгалах боломжгүй болсон тул системүүдийг нь унтраажээ.
2,000 гаруй гамма-цацрагийн тэсрэлтийг илрүүлсэн
Swift 2004 оны арваннэгдүгээр сарын 20-нд хөөрсөн бөгөөд гамма-цацрагийн тэсрэлт, супернова зэрэг орчлонгийн хамгийн хүчтэй үзэгдлүүдийг илрүүлэх зорилготой байв.
22 жилийн хугацаанд тус дуран:
- 2,000 гаруй гамма-цацрагийн тэсрэлт;
- 1,400 орчим дэлбэрч буй од;
- олон тооны сүүлт од, астероид;
- оддыг задлан залгиж буй хар нүхний үзэгдлүүдийг ажиглажээ.
Swift-ийн гол давуу тал нь сансарт шинээр илэрсэн үйл явдал руу маш хурдан чиглэлээ өөрчилж чаддаг байсанд оршдог. Чухам энэ чадвараас нь шалтгаалан “Swift” гэсэн нэр өгсөн байна.
NASA уг аппаратыг бусад томоохон ажиглалтын төвүүдийн “анхны хариулагч” гэж үздэг байжээ. Swift-ийн илрүүлсэн үйл явдлын мэдээллийг Hubble болон James Webb зэрэг дуран хүлээн авч, илүү нарийн судалгаа хийдэг байсан юм.
Одоо эрдэмтэд Swift-ийн орхих ажиглалтын орон зайг хэрхэн нөхөх талаар ажиллаж байна.
“Дээшээ гарсан зүйл эцэстээ доошоо буудаг”
Swift-ийн удирдлагын багийг олон жил ахалсан Pennsylvania State University-ийн одон орон судлаач John Nousek аппараттай салах мөч ойртсоныг хүлээн зөвшөөрчээ.
Тэр:
“We’ve known this day would come since before Swift was launched.”
хэмээн хэлсэн байна.
Мөн:
“At least in low-Earth orbit, what goes up must come down.”
гэжээ.
Nousek Swift-ийн ололт амжилтаас авсан сургамжууд ирээдүйн сансрын хөтөлбөрүүдийн нээлтийг илүү хурдан болгоход тусална гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.