Илон Маск Бүгд Найрамдахчуудыг дэмжсэн постоо сонгуулийн дараа устгажээ

Тэрбумтан Илон Маск АНУ-ын сонгуулийн өдөр Бүгд Найрамдах Намд санал өгөхийг уриалсан нийтлэлээ сонгуулийн дүн гарсны дараа X хуудаснаасаа устгасан талаар Business Insider мэдээлжээ.

Мягмар гарагт Маск:

“Өнөөдөр улаануудад (Бүгд Найрамдахчуудад) саналаа өгөөрэй!”

гэсэн товч мэдэгдэл нийтэлсэн байна.

Харин Ардчилсан Намынхан завсрын сонгуульд өндөр амжилт үзүүлсэн тухай мэдээлэл гарсны дараа Лхагва гарагт уг пост түүний X хуудаснаас алга болсон байжээ.

Нийтлэлээ ямар шалтгаанаар устгасан талаар хэвлэлүүд асуухад Маск тайлбар өгөөгүй байна.

Сонгуулийн дүнгийн дараа хошигносон пост нийтэлжээ

Сонгуулийн үр дүн тодорхой болж эхэлсний дараа Маск өөрийн байр суурийг хошин өнгө аястайгаар үргэлжлүүлжээ.

Тэр:

“Сонгуульд хөндлөнгөөс оролцох зориулалттай миний сансрын лазерууд энэ удаад ажилласангүй бололтой”

хэмээн бичсэн байна.

Үүний дараа өөр нэг нийтлэлдээ:

“Сансарт байрлах дата төвүүд одоо нэлээд сонирхолтой санагдаж байна”

гэжээ.

Эдгээр мэдэгдэл нь сонгуулийн үр дүн гарсны дараах түүний цахим идэвхтэй холбоотой бөгөөд Маск өөрийн өмнөх улс төрийн байр сууриа егөөдсөн шинжтэй хошигнол болгон ашигласан байна.

Бүгд Найрамдахчуудыг дэмжихэд $440 сая гаруй зарцуулсан гэжээ

Эх сурвалжийн мэдээлснээр SpaceX-ийн гүйцэтгэх захирал Илон Маск энэ удаагийн завсрын сонгуулийн үеэр Бүгд Найрамдах Намын нэр дэвшигчдийг дэмжихэд 440 сая ам.доллараас илүү хөрөнгө зарцуулсан байна.

Ингэснээр тэр сонгуулийн кампанит ажилд хамгийн их мөнгө хандивласан хувь хүмүүсийн нэг болсон гэж нийтлэлд дурджээ.

Маск мөн өөрийн эзэмшдэг X платформоор дамжуулан Ардчилсан Намын нэр дэвшигчид болон тэдний байр суурийг тогтмол шүүмжилж байсан байна.

Түүний анхаарлын төвд Tesla болон SpaceX компаниудын бүртгэл шилжсэн Техас мужийн сонгуулийн өрсөлдөөн байжээ.

New York Times-ийн мэдээлснээр Маск Техас дахь Бүгд Найрамдах Намын нэр дэвшигчдийг дэмжихэд 224 сая ам.доллар зарцуулсан байна.

Мөн тэр Ардчилсан Намаас нэр дэвшин Сенатад сонгогдсон Жэймс Талариког X дээр “хэт зүүний үзэлтэн”, “жигшүүртэй хүн”, “жинхэнэ бузар муухай этгээд” хэмээн нэрлэж байсан гэж эх сурвалжид дурджээ.

Сонгуулийн үр дүн Маскийн бизнесүүдэд ч нөлөөлж болзошгүй

Конгрессын завсрын сонгуулийн үр дүн нь Маскийн компаниудын хувьд зохицуулалт, төрийн гэрээ, бодлогын орчинд нөлөө үзүүлэх боломжтой гэж Business Insider тэмдэглэсэн байна.

Сонгуулийн дүн тодорхой болсны дараа Лхагва гарагт Tesla болон SpaceX-тэй холбоотой зах зээлийн үнэлгээ, хөрөнгө оруулагчдын хүлээлтэд дарамт үүссэн талаар нийтлэлд дурджээ.

Түүнчлэн дата төвийн салбарын компаниудын хувьд ч бодлогын орчин өөрчлөгдөх эрсдэл байгаа гэж тайлбарласан байна.

Маск сонгуулийн дараах постдоо сансарт байрлах дата төвүүдийг онцолсон нь түүний технологийн компаниудын дараагийн чиглэл, сонирхолтой холбоотой байж болохыг эх сурвалж тэмдэглэжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу