Үхрийн махны үнэ буурчээ: Цул мах 2.5, ястай мах 0.9 хувиар хямдрав

Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ есдүгээр сарын 14-ний байдлаар өмнөх сараас 1.9 хувь, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар буурсан байна.

Монгол Улсын инфляц наймдугаар сард 12.5 хувьтай гарсан бөгөөд жилийн үнийн өсөлтөд хүнсний бүтээгдэхүүн, ундааны үнэ хамгийн их нөлөөлжээ. Энэ ангиллын үнэ жилийн өмнөхөөс 21.5 хувиар өсөж, нийт инфляцын 46.9 хувийг бүрдүүлсэн байна.

Үхрийн цул махны үнэ 2.5 хувиар буурчээ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан байна. Тухайлбал:

  • Сонгино 4.9 хувь
  • Үхрийн цул мах 2.5 хувь
  • Үхрийн ястай мах 0.9 хувь
  • Хонины ястай мах 0.2 хувиар тус тус хямдарчээ.

Харин луувангийн үнэ 1 хувь, нэгдүгээр зэргийн гурил 0.5 хувиар өссөн байна.

Гурил, талх, будаа, сүү зэрэг өрхийн өдөр тутмын хэрэглээний бусад бүтээгдэхүүний үнэ энэ хугацаанд харьцангуй тогтвортой байжээ.

Гурил, талхны үнэ ямар байна?

Есдүгээр сарын 14-ний байдлаар дээд зэргийн савласан гурил нэг килограмм нь 3,541 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 2,541 төгрөг, хоёрдугаар зэргийн гурил 1,466 төгрөгийн үнэтэй байв.

600 граммын “Атар” талх 2,926 төгрөг, “Мишээл” талх 3,926 төгрөг байсан бол нэг килограмм цагаан будаа 5,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Шатахууны үнэ өссөн хэвээр байна

Хүнсний зарим бараа хямдарсан ч шатахууны үнэ наймдугаар сарын дундажтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.

АИ-92 автобензин литр нь 3,040 төгрөг, дизель түлш 4,770 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд наймдугаар сарын дундажтай харьцуулахад АИ-92 бензин 2.8 хувь, дизель түлш 14 хувиар нэмэгджээ.

Евро бензиний үнэ ч мөн наймдугаар сарын дунджаас 24.2 хувиар өссөн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу