Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Тажикистаны боксчин Muhammadkhuja Yaqubov-той арваннэгдүгээр сарын 14-ний бямба гарагт тулалдана. Мэргэжлийн бокст ялагдал хүлээгээгүй Монголын тамирчин энэ удаа жингийнхээ дэлхийн чансааны эхний аравт бичигдэж буй өрсөлдөгчтэй хүч үзэх юм.
Монголын цагаар бямба гарагийн өглөө болно
Тулааныг АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 13-ны баасан гарагийн орой зохион байгуулна. Цагийн зөрүүний улмаас Монголд бямба гарагийн өглөө таарч байна.
Yaqubov мэргэжлийн рингэнд нийт 24 удаа тулалдаж, 23 ялалт, нэг ялагдалтай явна.
Дөрөвдүгээр сард болох байсан тулаан хойшилжээ
Хоёр боксчин анх энэ оны дөрөвдүгээр сард учраа таарахаар төлөвлөж байсан юм. Гэвч Yaqubov бэлтгэлийн үеэр бэртсэнээс тулааныг хойшлуулжээ. Ийнхүү тэд арваннэгдүгээр сард рингэнд уулзахаар болсон байна.