Насаа нуусан ч AI илрүүлнэ: Instagram өсвөр насныхны бүртгэлийг автоматаар хамгаалалтад шилжүүлнэ

Meta компани Instagram хэрэглэгчдийн насыг хиймэл оюунаар таамаглах технологио дэлхий даяар нэвтрүүлж эхэлжээ. Ингэснээр насанд хүрсэн гэж бүртгүүлсэн ч өсвөр насны хүүхэд байх магадлалтай хэрэглэгчдийг илрүүлж, хамгаалалтын нэмэлт тохиргоотой бүртгэлд шилжүүлэх юм.

Арваннэгдүгээр сарын 9-нд зарласан энэхүү өргөтгөлийн үр дүнд Instagram ашигладаг олон сая өсвөр насны хэрэглэгч насандаа тохирсон хамгаалалтад хамрагдана гэж Meta мэдээлсэн байна.

Нийтлэл, сэтгэгдлээс насны талаарх мэдээлэл хайна

Тус компанийн тайлбарласнаар, AI нь хэрэглэгчийн цахим орчинд хуваалцсан мэдээлэлд тулгуурлан насыг нь таамаглана. Тухайлбал, төрсөн өдрийн тухай бичвэр, сургуулийн анги, суралцаж буй түвшний дурдлагыг шинжлэх аж.

Үүнд профайлын танилцуулга, нийтлэл, сэтгэгдэл болон зургийн тайлбар зэрэг мэдээллийг харгалзан үзнэ. Тиймээс бүртгүүлэхдээ төрсөн огноогоо өөрчилж оруулсан байсан ч тухайн хүнийг насанд хүрээгүй байж болзошгүй гэж тогтоох боломжтой юм.

13–17 насныхныг Teen Account-д шилжүүлнэ

Систем хэрэглэгчийг 13–17 насных гэж үзвэл Teen Account буюу өсвөр насныханд зориулсан бүртгэлд автоматаар шилжүүлэхээр болжээ.

Ийм бүртгэл нь анхнаасаа хувийн тохиргоотой байхаас гадна танихгүй хүмүүсээс ирэх зурвасыг хязгаарладаг. Мөн насанд тохироогүй агуулгад өртөх эрсдэлийг бууруулах нэмэлт хамгаалалттай байна.

Австралид Meta хэрэглэгчийн насыг тодорхойлохдоо Apple-ийн насны ангиллын системээс ирэх мэдээллийг нэмэлт хэрэгсэл болгон ашиглаж эхэлжээ.

Facebook, Threads-д ч нэвтрүүлэхээр төлөвлөж байна

Meta уг технологийг Facebook-д нэвтрүүлж байгаа бөгөөд энэ оны сүүлээр Threads-д мөн дэлхий даяар ашиглахаар төлөвлөсөн байна.

Энэ өөрчлөлт нь компани хүүхэд, өсвөр насныхны цахим аюулгүй байдлыг хангалттай хамгаалдаггүй гэх шүүмжлэл, шүүхийн маргаантай тулгарч буй үед хэрэгжиж байгаа юм.

АНУ-ын 52 муж, нутаг дэвсгэрийн ерөнхий прокуроруудтай байгуулсан тохиролцооны дагуу Meta насанд хүрээгүй хэрэглэгчдийг таних технологио сайжруулах үүрэг хүлээжээ.

Эх сурвалж: Reuters

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу