Robert Pattinson шинэ James Bond-оор сонгогдсоныг киноны уран бүтээлчид даваа гарагт зарлажээ. Ингэснээр тэрээр Британийн алдарт тагнуулчийг бүтээх долоо дахь жүжигчин, мөн Amazon MGM цувралын бүтээлч удирдлагыг авснаас хойших анхны Bond болж байна.
Daniel Craig-ийн дараа хэн “007”-гийн дүрийг авах тухай олон жилийн таамаг ийнхүү өндөрлөв. Шийдвэр нь Craig-ийн сүүлчийн Bond кино болох “No Time to Die” дэлгэцнээ гарснаас таван жилийн дараа гарчээ.
Pattinson: “Мөрөөдөл биеллээ гэж хэлэхэд ч багадна”
2021 оны “No Time to Die” нь 64 жилийн түүхтэй цувралын гол баатар амиа алдсанаар төгссөн анхны кино болсон юм. Харин Denis Villeneuve-ийн найруулах 26 дахь ангид James Bond дахин дэлгэцнээ эргэн ирнэ.
Шинэ дүрээ авсан Pattinson мэдэгдэлдээ:
“Жэймс Бонд бол кино урлагийн хамгийн домогт дүрүүдийн нэг бөгөөд ‘007’-гийн дүрийг бүтээх итгэл хүлээлгэсэн нь миний амьдралын хамгийн том нэр төрийн хэрэг юм” гэжээ.
Тэрээр мөн “Энэ дүрийг авснаа мөрөөдөл биеллээ гэж хэлэхэд ч багадна. Энэхүү төсөлд оролцож, гайхалтай багтай хамтран ажиллах гэж байгаадаа би хязгааргүй их баяртай байна” хэмээн мэдэгдсэн байна.
Pattinson шалгаруулалтад орсон нь ил болсны дараа түүний нэр боломжит Bond-уудын дунд яригдаж эхэлжээ. Түүнээс гадна Callum Turner, Josh O’Connor, Jack Lowden, Nicholas Hoult нарыг энэ дүрийн төлөө өрсөлдөж байгаа хэмээн нэрлэж байв.
Продюсерууд залуу, харьцангуй танигдаагүй жүжигчин сонгоно гэсэн хүлээлт байсан ч эцэст нь үеийнхээ хамгийн алдартай жүжигчдийн нэгийг урьсан байна.
Batman-аас Bond хүртэлх шинэ сорилт
Өдгөө 40 настай Pattinson-ийн хувьд “007”-гийн дүрийг эхлүүлэх нас нь анхаарал татах нэг асуудал болж магадгүй юм. Тэрээр одоогоор “The Batman Part II” кинонд дахин Batman-ы дүр бүтээхээр ажиллаж байна.
Pattinson “Twilight”, “Harry Potter”, “Batman” зэрэг дэлхийд танигдсан кино цувралд тоглосон туршлагатай. Гэвч “Twilight”-аар алдаршсаныхаа дараа томоохон студийн төслүүдээс гадна найруулагчийн өвөрмөц шийдэлтэй бие даасан кинонуудыг түлхүү сонгож иржээ.
Түүний ийм бүтээлүүдэд Safdie ах дүүсийн “Good Time”, Robert Eggers-ийн “The Lighthouse”, Bong Joon Ho-гийн “Mickey 17” багтдаг. Энэ оны эхээр Christopher Nolan-ы “The Odyssey” кинонд эсрэг талын дүр бүтээсэн нь ч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.
Villeneuve шинэ Bond-оо сонгох амаргүй байсан ч Pattinson-ийг зөв сонголт гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Бид гайхалтай авьяаслаг хүмүүсээр хүрээлүүлсэн байсан ч 007 гэдэг дүр ганцхан л байх ёстой. Роберт Паттинсоныг шинэ Жэймс Бондоор угтан авч байгаадаа туйлын баяртай байна. Тэрбээр 007-д байх ёстой мөнхийн мөн чанарыг өөртөө шингээхийн зэрэгцээ цоо шинэ уур амьсгалыг авчирч байна. Ажлаа эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж найруулагч мэдэгджээ.
Брокколигийн гэр бүлгүйгээр сонгосон анхны Bond
Шинэ гол дүрийн сонголт цувралын удирдлага өөрчлөгдөж буй үед тохиож байна. Amazon 2022 онд MGM студийг 8.5 тэрбум ам.доллароор худалдаж авсан юм.
Үүний дараа “007”-гийн ирээдүйн талаар удаан хэлэлцэж, олон жил цувралыг удирдсан Barbara Broccoli, Michael G. Wilson нар 2025 онд бүтээлч үйл явцыг хянах эрхээ шилжүүлжээ.
Одоогоор албан ёсны нэргүй байгаа “Bond 26” нь 1962 оны “Dr. No”-гоос хойш Broccoli-гийн гэр бүлийнхэн гол дүрийн жүжигчнийг өөрсдөө сонгоогүй анхны кино болж байна.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг Sony Pictures-ийн тэргүүн асан, “Spider-Man”-ы продюсер Amy Pascal болон “Harry Potter”, “Paddington” цувралд ажилласан David Heyman нар хариуцжээ. Харин зохиолыг “Peaky Blinders”, “Locke”-ийн зохиолч Steven Knight бичихээр болсон байна.
Олон жилийн таамаглалд цэг тавив
Sean Connery, George Lazenby, Roger Moore, Timothy Dalton, Pierce Brosnan, Daniel Craig нарын дараа хэн Bond болох тухай яриа Craig дүрээсээ гарахаас өмнө ч тасардаггүй байв.
Тухайлбал, Idris Elba-г олон жилийн турш боломжит залгамжлагчаар нэрлэж, тэрээр энэ талаарх цуурхлыг удаа дараа няцаах шаардлагатай болж байжээ.
Цувралын түүх үргэлжилсээр ирсэн ч 26 дахь анги хамгийн урт завсарлагын дараа үзэгчдэд хүрэх гэж байна. “No Time to Die”-ийн зураг авалт 2019 онд дуусаж, цар тахлаас болж нээлт нь хойшилсныг тооцвол уран бүтээлийн завсарлага бүр ч урт болж байгаа юм.
Amazon цувралын өвийг хадгална гэж амлав
Зарим шүтэн бишрэгч Bond-ын шинэ удирдлагад болгоомжтой хандаж байна. Харин Prime Video болон Amazon MGM Studios-ийн тэргүүн Mike Hopkins цувралын өвийг хамгаалж, дэлхийн үзэгчдэд зориулсан “007”-гийн дараагийн үеийг эхлүүлнэ гэж мэдэгджээ.
James Bond-ын кинонууд дэлхий даяар тасалбарын борлуулалтаас нийт долоон тэрбум гаруй ам.доллар олсон байна. Үүнээс “No Time to Die” дангаараа 774 сая ам.долларын орлого бүрдүүлжээ.
Кино театрын орлогоос гадна стримингийн гэрээ, видео тоглоом, Aston Martin зэрэг брэндтэй хамтрах ажиллагаа нь цувралын бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг юм.
Bond-ын дүр зарим жүжигчинд дарамт болж байсан бол Daniel Craig-ийн хувьд дэлхий нийтийн танил болох замыг нээжээ. Тэрээр сонгогдохоосоо өмнө харьцангуй бага танигдсан байсан бөгөөд “шар үстэй анхны Bond” гэх шүүмжлэл, дооглолттой тулгарч байв. Одоо түүний үлдээсэн дүрийг Pattinson өөрийнхөөрөө үргэлжлүүлэхээр болж байна.