Украин дайн эхэлснээс хойших хамгийн өргөн хүрээтэй агаарын довтолгоогоо даваа гарагт хийсэн гэж Оросын тал мэдэгджээ. Довтолгооны үеэр Оросын үндсэн нутгийг эзлэгдсэн Крымийн хойгтой холбодог Керчийн гүүр бага хэмжээний гэмтэл авч, хэд хэдэн бүсийн газрын тос боловсруулах үйлдвэр өртсөн байна.
Үүний зэрэгцээ Украины нутагт Оросын цохилтууд үргэлжилж, хүний амь эрсдэн, эрчим хүчний хангамж тасалджээ. Хоёр талын дайралт АНУ, Украин, Оросын төлөөлөгчдийн энхийн хэлэлцээнээс хэдхэн хоногийн дараа эрчимжсэн юм.
Оросын тал 2,049 дрон устгасан гэж мэдээлэв
Оросын албаны хүмүүсийн мэдээлснээр тус улсын арми өнгөрсөн 24 цагт Украины 2,049 нисгэгчгүй төхөөрөмж, “Фламинго” төрлийн алсын тусгалтай дөрвөн пуужинг устгасан байна.
Москва хотын дарга Сергей Собянин нийслэлийг чиглэсэн дроны тоо 600 орчим байсан гэж мэдэгджээ. Эдгээр нь Оросын талаас гаргасан тоо баримт юм.
Харин Киевт нэг өдрийн дотор агаарын түгшүүрийн дохио 17 удаа дуугарсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Оросын цохилтын улмаас дор хаяж долоон хүн нас барж, эрчим хүчний байгууламжууд өртсөнөөр 50 мянган хүн цахилгаангүй болсон байна.
Крымийг холбодог гүүрний хөдөлгөөнийг хязгаарлажээ
Москвагаас томилогдсон Крымийн тэргүүн Сергей Аксенов Керчийн гүүрт дроноор халдсаныг баталж, тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт оруулснаа мэдэгдсэн байна.
Орос улс 2014 онд Крымийг эзлэн авч, өөртөө нэгтгэсний дараа уг гүүрийг барьсан юм. Ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд нээлтэд нь биечлэн оролцож байжээ.
Оросын дайныг дэмждэг цэргийн шинжээчид Telegram сувгуудаараа гүүр шууд цохилтод өртөөгүй, харин дроны цэнэгт хошууны хэлтэрхий унаснаас гэмтсэн гэж тайлбарласан байна. Украины Аюулгүй байдлын алба болон Батлан хамгаалахын тагнуулын ерөнхий газар энэ талаар мэдээлэл өгөөгүй аж.
Оросын хяналттай нутагт ажилладаг Украины “Атеш” партизаны бүлгийн мэдээлснээр Крымийн эрх баригчид гүүр дахин халдлагад өртөхөөс болгоомжилж байгаа гэнэ. Мөн Москва аюулыг хангалттай үнэлэхгүй байна гэж тэд санаа зовж буйг тус бүлэг мэдэгджээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрүүд мөн өртөв
Украины дронууд гүүрээс гадна эрчим хүчний хэд хэдэн байгууламжийг онилсон байна. Тэдгээрийн дунд Оросын өмнөд хэсгийн Краснодарын хязгаар дахь Ильскийн газрын тос боловсруулах үйлдвэр багтжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн долоо хоногт Оросын тал Украины гүүрнүүдэд чиглэсэн зохион байгуулалттай ажиллагаа явуулж байгааг буруутгасан юм.
Тэрээр уг ажиллагаа “Украиныг хуваах… мөн тус улсыг хөндлөн гулд дайран өнгөрдөг Днепр мөрний хоёр эрэг дээрх хүмүүсийн амьдралыг аль болох хүндрүүлэх” зорилготой гэж мэдэгдэж байв.
Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш дайн үргэлжилж байна.
Дараагийн хэлэлцээнд Европын төлөөлөгчид оролцоно
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төлөөлөгч Жаред Кушнер, Стив Виткофф нар Путин, Зеленский нартай дараалан уулзсан ч энхийн тохиролцоонд хүрэх төлөв тодорхойгүй хэвээр байгаа юм.
Орос, Украин, АНУ-ын дараагийн хэлэлцээнд Европын талаас Их Британи, Франц, Герман, Итали, Польш болон Европын Холбооны төлөөлөгчид оролцохоор болжээ.
Гэсэн ч Кремль Европын оролцооны талаар эргэлзсэн байр сууриа хадгалж байна.
“Тэдний байр суурь энх тайвны үйл явцад хэрхэн тус дөхөм болохыг бид ойлгох хэрэгтэй гэдгийг нэг бус удаа хэлсэн” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.