“Рингнээс буугаад бид таныг дэмжинэ”: Баяраа Э.Цэндбаатарт Хайнанийн аялал бэлэглэжээ

Комедиан М.Баяржаргал буюу Баяраа Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарт гэр бүлийн хамт Хайнань аралд амрах эрхийн бичиг бэлэглэхээр болсноо мэдэгджээ. Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан “Elite Travel – Элит Трэвел” компанийн зүгээс болон тамирчныг дэмждэг шүтэн бишрэгчийн хувиар энэхүү бэлгийг барьж байгаа аж.

Тэсвэр тэвчээр, зүтгэлийг нь онцлон талархав

Баяраа Э.Цэндбаатарт хандсан зурвастаа дэлхийн рингэнд Монголын нэрийг гаргаж, монгол хүний авьяас чадвар, тэсвэр хатуужлыг харуулж байгаад нь талархал илэрхийлсэн байна.

Тэрээр тамирчны тууштай хөдөлмөр залууст шантралгүй урагшлах үлгэр дуурайл болдог гэж үзэж байгаагаа хуваалцжээ. Түүнчлэн Э.Цэндбаатарын хэлсэн “Надад бодсон юм байгаа” гэх үг олон залууд зорилгынхоо төлөө зүтгэх урам өгснийг онцолсон байна.

Өмнө нь тамирчинд амлалт өгсөн ч биелүүлээгүй хүмүүс байгаа нь харамсалтай хэмээгээд, залуус өөрсдийн боломжийн хүрээнд бие биеэ дэмжиж, амжилтад нь баярлан, урам хайрладаг байх ёстой гэж Баяраа бичжээ.

Гэр бүлтэйгээ амарч, дараагийн тулаандаа хүч сэлбэхийг хүсэв

Ийнхүү тэрээр Э.Цэндбаатарт гэр бүлийнхэнтэйгээ Хайнаньд аялж, амрах эрх олгохоор шийдсэн байна. Өдөр бүр хүнд бэлтгэл хийж, эх орноо төлөөлөн тулалддаг тамирчныг хайртай хүмүүстэйгээ халуун оронд амарч, алжаалаа тайлан, хүчээ сэлбээсэй гэж хүсжээ.

Баяраа зурвасынхаа төгсгөлд рингэнд Монголынхоо төлөө тулалддаг Э.Цэндбаатарыг рингнээс буусны дараа дэмжих хүмүүс байгааг илэрхийлж, цаашдын тулаануудад нь өндөр амжилт ерөөсөн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу