Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дэх өдрийн барилдаанд дээд зиндааны хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил Ичиямамототой барилдаж, найм дахь даваагаа авч, 50 хувийн амжилт үзүүллээ.
Тэрээр сүүлийн таван өдөр дараалан ялалт авч, найман даваа, гурван унаатай болсноор тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдэж байна.
Энэ сарын 16-нд 42 нас хүрсэн Тамаваши Б.Мөнх-Оргил 2004 оны нэгдүгээр сараас эхлэн нэг ч башёо өнжилгүй барилдаж байна. Тэрээр дээд зиндаанд давсан давааны тоогоо ахиулсаар байна.