Багахангай болон Төв аймгийн гурван суманд маргааш 13 цаг цахилгаан тасална

Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сум болон төмөр замын 7 дугаар зөрлөгийн цахилгааныг арваннэгдүгээр сарын 20-нд 06:00–19:00 цагийн хооронд түр таслахаар болжээ.

Тус бүсүүдийг эрчим хүчээр хангадаг Багахангай дэд станцын трансформаторт ноцтой гэмтэл гарсан тул яаралтай засварлаж, нөөц төхөөрөмжөөр солих шаардлагатай болсон байна.

Трансформатороос их хэмжээний тос алдагджээ

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр 110/35 кВ-ын Багахангай дэд станцын 40 МВА чадалтай трансформаторын 110 кВ-ын талын оруулгын хэсэг гэмтсэн аж.

Үүний улмаас тосны битүүмжлэл алдагдаж, их хэмжээний тос гоожсон тул тоног төхөөрөмжийг хэвийн, аюулгүй ажиллуулах боломжгүй болжээ.

Гэмтлийг арилгалгүй үргэлжлүүлэн ашиглавал дотоод тусгаарлагч гэмтэх, богино залгаа үүсэх, цаашлаад трансформатор бүрэн ажиллагаагүй болох эрсдэлтэй гэж тайлбарласан байна.

Нөөц трансформатор суурилуулна

“ЦДҮС” ТӨХК-ийн мэргэжлийн бригад арваннэгдүгээр сарын 20-ны 06:00–19:00 цагт гэмтлийг арилгаж, эвдэрсэн трансформаторыг нөөц трансформатораар солихоор төлөвлөжээ.

Энэ ажил нь хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг цаашид найдвартай үргэлжлүүлэх, томоохон аваараас урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд зайлшгүй хийх шаардлагатайг мэдэгдсэн байна.

Хэрэглэгчдийг дээрх хугацааны цахилгаан тасралтад бэлтгэж, шаардлагатай зохицуулалтаа урьдчилан хийхийг анхааруулжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу