Хүрэн баавгай хаана үзэгдсэнийг газрын зургаас шууд харах боломжтой болжээ

Монгол Улсын 21 аймаг болон нийслэлд бүртгэгдсэн хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээллийг нэгтгэн харах цахим системийг ашиглалтад оруулжээ.

Тус системээр иргэд хүрэн баавгайн дуудлага бүртгэгдсэн байршлыг газрын зураг дээрээс харахаас гадна улсын хэмжээнд үүссэн нөхцөл байдлын мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжтой болсон байна.

2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар давхардсан тоогоор нийт 1,363 дуудлага, мэдээлэл системд бүртгэгджээ.

Байршил, огноо, ангиллаар мэдээллийг шүүх боломжтой

Шинээр нэвтрүүлсэн цахим системд хүрэн баавгайтай холбоотой дуудлагын байршил, бүртгэгдсэн огноо болон ангиллыг газрын зураг дээр харуулдаг байна.

Мөн хэрэглэгчид мэдээллийг өдөр, долоо хоног болон сараар ангилан шүүж үзэх боломжтой. Үүнээс гадна шинээр дуудлага, мэдээлэл бүртгэх функцтэй аж.

Системд зөвхөн дуудлагын тоо төдийгүй тухайн тохиолдолд ажилласан албан хаагчид, ашигласан техник хэрэгслийн талаарх мэдээллийг нэгтгэн харуулах боломж бүрдүүлжээ.

Ингэснээр хүрэн баавгайтай холбоотой дуудлага аль бүс нутагт төвлөрч байгаа болон холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч байгааг нэг дороос хянах боломжтой болж байна.

Бусад аюултай үзэгдлийн мэдээллийг ч нэгтгэнэ

Цаашид аймаг, нийслэлээс ирэх мэдээллийг тогтмол шинэчилж, уг системийг шуурхай удирдлага, зохицуулалтын ажилд ашиглахаар төлөвлөжээ.

Мөн системийг зөвхөн хүрэн баавгайн дуудлагаар хязгаарлахгүй бөгөөд байгаль, цаг ууртай холбоотой бусад аюултай үзэгдлийн мэдээллийг нэмэхээр ажиллаж байгаа аж.

Ийнхүү хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн газрын зурагт харуулдаг болсноор иргэд нөхцөл байдлыг илүү ойлгомжтой, шуурхай байдлаар харах боломжтой болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу