2025 оны зургаадугаар сарын 2-нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн өндөр даралтын цехэд гал гарч, 9 дүгээр турбиний генератор шатсан ноцтой осол гарлаа. Энэхүү ослын улмаас нэг иргэн харамсалтайгаар амиа алдаж, нийт 50х230 метр талбай бүхий цехийн хэсэгт ихээхэн хохирол учраад байна.
Үүссэн нөхцөл байдал болон цаашид авах арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэвлэлд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр дараах байр суурийг илэрхийлжээ:
“Дулааны III цахилгаан станцад осол гарсан. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын менежментийн эрхийг “Эрчис Монгол” компанид шилжүүлэх шийдвэр энэ оны гуравдугаар сарын 19-нд гарсан. Энэ дагуу тус компаниас өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд Дулааны III цахилгаан станцад ослын асуудлыг оруулж ирсэн. Тэр үед би эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын асуудлыг “Эрчис Монгол” компани эсвэл Эрчим хүчний яам хариуцъя, эзэнтэй болгохгүй бол асуудлуудад шийдэл олдохгүй байна. Эрдэнэт хүний амь болоод олон арван тэрбум төгрөгийн хохирол учирлаа гэдэг асуудлыг дэвшүүлж маргаан өрнөсөн. Ингээд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 66 хувийн менежментийг хэрэгжүүлэх эрх буцаад Эрчим хүчний яаманд шилжин ирлээ. Засгийн газрын тогтоолыг өчигдөр хүлээн авсан.”
Мөн тэрээр ослын талаар хуулийн байгууллагууд мөрдөн шалгалт эхлүүлсэн талаар онцолжээ:
“Дулааны III цахилгаан станцад гарсан ослыг тагнуул, цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гаран шалгаж эхэлсэн. Эрдэнэт хүний амь хохирлоо, улсад хохирол учирчихлаа. Тиймээс эрүүгийн хэрэг үүсэж таарна. Тэгэхээр нотлох баримтад өөрчлөлт орох асуудал үүсэх вий гэдэг үүднээс манай салбарынхан дотогш нэвтрэх зөвшөөрлийг хуулийн байгууллагуудаас шаардаж байгаа.”
Цаашдын эрчим хүчний төлөвлөлтийн талаар сайд дараах чухал мэдээллийг өглөө:
“Энэ өвлийн оргил ачааллын үед эвдэрсэн турбинийг ашиглалтад оруулж амжихгүй. Тиймээс ӨМӨЗО-оос эрчим хүч импортлохоор бүх дэд бүтцийн ажил хийгдсэн байгаа гэх мэтчилэн цахилгааныг оруулахаар төлөвлөж байгаа.”
Ийнхүү 2025-2026 оны өвөлд дулааны ачаалал нэмэгдэх үед турбин бүрэн ашиглалтад орох боломжгүй ч эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг гадаад импортоор нөхөхөөр холбогдох зохион байгуулалтыг хангаад байгаа талаар Эрчим хүчний сайд мэдэгдлээ.