Монголд 11.2 сая эх мал төллөж, төл бойжилт 98.9 хувьд хүрлээ

2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд төллөх ёстой 22.4 сая хээлтэгч малаас 11.2 сая эх мал төллөсөн байна. Ингэснээр мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж, нийт 11.1 сая төл хүлээн авч бойжуулж байна.

Төлийн зүй бус хорогдол 127.2 мянган толгойд хүрсэн бол төл бойжилт 98.9 хувьтай байна. Энэ үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд хадгалагджээ.

Бүс нутгийн хэмжээнд авч үзвэл:

  1. Баруун бүсэд мал төллөлт 50.4 хувьтай;
  2. Зүүн бүсэд 53.7 хувьтай;
  3. Төвийн бүсэд 48.1 хувьтай;
  4. Хангайн бүсэд 50.2 хувьтай үргэлжилж байна.

Оны эхнээс хойш улсын хэмжээнд 212.1 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд энэ нь нийт малын 0.3 хувийг эзэлж байна. Төрлөөр нь авч үзвэл 182 тэмээ, 17.7 мянган адуу, 23.8 мянган үхэр, 80.4 мянган хонь, 89.8 мянган ямаа хорогджээ.

Аймгуудаас Өвөрхангайд хамгийн өндөр буюу 77.6 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Мөн Булган аймагт 21.0 мянга, Дундговьд 16.0 мянга, Сэлэнгэд 12.5 мянга, Увсад 11.9 мянган толгой мал хорогдоод байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу