Өмнөд далайд хөвж явсан, 2025 онд дэлхийн хамгийн томд тооцогдож байсан А23а мөсөн уул бүрэн хагарч, хэсэг хэсгээрээ задарсан талаар Арктик ба Антарктикийн судалгааны хүрээлэн мэдээллээ.
Тус хүрээлэнгийн мэдээлснээр олон арван жилийн турш судлаачдын анхаарлыг татсан энэхүү аварга мөсөн уул үндсэндээ түүх болон үлдэж байгаа аж. “Судлаачдын 40 шахам жилийн турш ажиглаж байсан дэлхийн хамгийн том А23а мөсөн уул түүх болон үлдэж байна. Энэхүү аварга мөсөн уул нь жижиг хэсгүүд болон задарч, хэмжээ нь 99 хувиар багассан” гэж тус хүрээлэнгийн мэдээлэлд дурджээ.
1986 онд тасарч, 30 гаруй жил бараг хөдөлгөөнгүй байжээ
А23а мөсөн уул анх 1986 онд Фильхнерийн мөсөн тавцангаас салсан байна. Тухайн үед түүний талбай 4170 хавтгай дөрвөлжин километр байсан аж.
Үүнээс хойш 30 гаруй жилийн турш Уэдделлийн тэнгисийн төв хэсгийн гүехэн усанд бараг хөдөлгөөнгүй “хайргадаж” байсан энэ мөсөн уул хожим Антарктидын эргийн дагуу хөвж эхэлсэн бөгөөд 2023 оны арваннэгдүгээр сарын дунд үеэр дахин ил тод ажиглагдаж эхэлжээ.
Хэмжээнийхээ ихэнхийг алдаж, “хамгийн том” статусаа ч алдсан
2025 оны эхээр А23а мөсөн уул Өмнөд Жоржиа арлыг чиглэн хөдөлж эхэлсэн ч уг арлаас 80 км орчим зайд дахин гүехэн усанд гацаж, 2025 оны нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл тэндээ саатсан байна. Үүний дараа арлын зүүн талаар тойрон хөвж эхэлжээ.
Харин 2025 оны наймдугаар сарын сүүлчээр мөсөн уулаас 60-300 хавтгай дөрвөлжин километрийн хэмжээтэй гурван том хэсэг нэгэн зэрэг салсан байна. Ингэснээр нийт талбайнхаа 70 орчим хувийг алдаж, дэлхийн хамгийн том мөсөн уул гэсэн байр сууриа ч алдсан аж.
AARI-ийн ус цаг уурын мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Полина Солощук энэ талаар “Өнгөрсөн онд А23а нь дэлхийн хамгийн том мөсөн уул хэвээр байсан боловч есдүгээр сард энэ статусаа алдсан. Нэгдүгээр сард мөсөн уулын талбай ойролцоогоор 1,300 хав.дөр.км байсан бол одоо 50 хүрэхгүй хав.дөр.км болоод байна. Одоогоор А23а мөсөн уул задгай усанд хөвсөөр байгаа бөгөөд бидний нүдэн дээр хэд хэдэн хэсэг болон салж байна. Сүүлийн гурван сарын хугацаанд 1 000 орчим км замыг туулж, Өмнөд болон Атлантын далайн хил хязгаарыг даван, одоо өмнөд өргөргийн 49° орчимд хөвж байна” хэмээн ярилаа.