Өмнөд Солонгосын Ганвон мужийн нэгэн ресторанд хамтран ажиллагчаа тоглоом наргиа болгон бусдын өмнө өмдийг нь шувталсан эмэгтэйд тус улсын шүүх бэлгийн хүчирхийллийн хэргээр торгуулийн ял оноосон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
50 гаруй насны энэ эмэгтэй нь 20 орчим настай хамт ажилладаг залуугийн өмдийг бусад ажилтнуудын өмнө санамсаргүйгээр дотуур өмдтэй нь хамт шувталсан байна. Уг явдал өнгөрсөн оны аравдугаар сард гал тогоонд болжээ. Шүүхээс түүнийг 2.8 сая воноор (ойролцоогоор 2,100 ам.доллар) торгож, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сэдэвт найман цагийн сургалтад хамрагдах шийтгэл ногдуулсан байна.
Шүүгдэгч эмэгтэй энэхүү үйлдлээ тоглоом шоглоом байсан гэж мэдүүлсэн ч Чунчоны дүүргийн шүүх уг тайлбарыг хүлээж аваагүй. Гэхдээ урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй, хийсэн үйлдэлдээ гүнээ харамссан, хохирогч болон түүний гэр бүлийн өмнө уучлалт гуйсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэлийг хөнгөрүүлсэн гэж шүүх мэдэгджээ.
Англи хэлээр “pantsing” хэмээн нэрлэгддэг, хүний өмдийг хүчээр шувталж эвгүй байдалд оруулах энэ мэт үйлдэл нь олон нийтийн дунд тоглоом наргиа мэт харагддаг ч сүүлийн жилүүдэд дээрэлхэл, дарамтын хэлбэр гэж үзэх хандлага нэмэгдэж байна. Тэрчлэн Өмнөд Солонгосын хошин урлаг, реалити нэвтрүүлгүүдэд ийм төрлийн үзэгдэл олон жил нийтлэг байсаар иржээ.
Гэвч үүнтэй холбоотой хэргүүдийн тоо нэмэгдэж, олны танил хүмүүс ч холбогдож байгаа тул хууль хяналтын байгууллагууд ийм үйлдлийг илүү ноцтойгоор хүлээж авч буй юм. Жишээлбэл, 2019 онд шорт трекийн олимпын аварга Им Хё Жүн багийнхаа эрэгтэй тамирчны өмдийг эмэгтэй тамирчдын өмнө шувталж, нэг жил тэмцээнд оролцох эрхээ хасуулж байсан. Мөн 2021 онд Умард Жолла мужид бага ангийн сурагчид хүүгийн өмдийг тоглоомоор тайлж, ээжийнх нь гомдлын дагуу хэргийг шалгаж байжээ.
Хачирхалтай нөхцөл байдал… Гэхдээ хууль бол хууль