Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху АНУ-ын ABC News сувагт өгсөн ярилцлагадаа Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменийг устгах талаар нээлттэй байр суурь илэрхийлж, хэрэв ийм зүйл тохиовол бүс нутгийн зөрчил дуусгавар болж болзошгүйг онцоллоо.
20 минут үргэлжилсэн ярилцлагын үеэр тэрбээр Израилийн Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг зөвтгөж, Хаменийг “орчин үеийн Хитлер” хэмээн тодорхойлсон юм.
“Бид хийх ёстой зүйлээ хийнэ”
Сэтгүүлчийн зүгээс ийм алхам бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцатгах аюултай эсэхийг асуухад:
“Энэ нь хурцатгал биш, харин төгсгөл нь болно”
гэж тэр хариулсан байна.
Мөн Ираны теократ дэглэмийг “мөнхийн дайн хүсэгчид” гэж тодорхойлоод цөмийн зэвсэгтэй болох аюул заналыг онцлон дурдлаа.
“Израиль үнэндээ энэ түрэмгийллийг зогсоохыг оролдож байна. Бид зөвхөн муу ёрын хүчний эсрэг тэмцснээр тайван байдал тогтоож чадна”
гэж Нетаньяху хэлсэн юм.
Аятолла Хаменийг устгах төлөвлөгөө бодитоор оршин байгаа эсэхийг дахин тодруулахад:
“Бид хийх ёстой зүйлээ хийнэ”
хэмээн товч бөгөөд тод хариулжээ.
“Харанхуй хүчний эсрэг соёл иргэншил”
Нетаньяху Ираныг “цөмийн амбицтай, түрэмгий үйл ажиллагаа явуулж буй улс” хэмээн тодорхойлж, Израилийн үйлдлийг “харанхуй бурангуй ёсны эсрэг соёл иргэншилт ертөнцийн тэмцэл” хэмээн нэрлэв.
Тэрбээр мөн Ираны баллистик пуужингийн хүчин чадал, цөмийн хөтөлбөр нь зөвхөн Израиль төдийгүй АНУ-д ч заналхийлж буйг онцлоод:
“Өнөөдөр Тель-Авив, маргааш Нью-Йорк”
хэмээн анхааруулсан байна.
Хаменийг “орчин үеийн Хитлер” гэж тодорхойлов
Аятолла Хаменийг:
“Антисемит үзлийн галзуу фанат”
хэмээн тодорхойлсон тэрээр:
“Тэр бол орчин үеийн Хитлер. Тэр зогсохгүй. Иймээс бид түүнийг заналхийллээ хэрэгжүүлэх боломжгүй болгох ёстой”
гэж хэллээ.
Израилийн зүгээс Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох нь бүс нутгийн хамгийн том дайнаас сэргийлэх гол түлхүүр гэж үзэж буйгаа ч Нетаньяху онцлон хэлжээ.