Завхан аймгийн Тосонцэнгэл суманд амарч явсан Онцгой байдлын алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч М.Доржбаяр голын усанд живж байсан хоёр хүүхдийн амийг аварлаа.
Хэргийн талаар тодруулбал, 2025 оны 6-р сарын 15-ны өдрийн 20:00 цагийн орчимд Хожуул голын усанд хоёр хүүхэд гэнэт хөл алдаж живж эхэлжээ. Тэдний нэг нь дүүгээ аврахаар орсон ч өөрөө мөн хөл алдаж, ноцтой байдалд орсон байна.
Тухайн үед гэр бүлийн хамт голын эрэгт амарч байсан ахлах ахлагч М.Доржбаяр аюулыг даруй мэдэрч, ямар ч эргэлзээгүйгээр гол руу орон хоёр хүүхдийг эсэн мэнд авран, анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Аврагдсан хүүхдүүдийн ар гэрийнхэн түүний энэ үйлдэлд гүн талархал илэрхийлжээ. Хэрвээ тэр тухайн үед байгаагүй бол хүүхдүүдийн амь нас ноцтой эрсдэлд орох байв.