Өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-нд Улаанбаатар хотын төв талбай болох Д.Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ. Монгол Улс энэхүү олимпын төрөлд тооцогдох спортыг дэлхийн түвшинд анх удаа зохион байгуулж буй нь түүхэн үйл явдал болж байна.
Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад, Латви, Япон зэрэг 27 орны эрэгтэй, эмэгтэй нийт 40 баг оролцож байгаа бөгөөд тэмцээн зургаан өдөр үргэлжлэх юм.
Зөвхөн спортын тоглолтоор хязгаарлагдахгүйгээр тэмцээний хүрээнд хөгжөөнт шоу, урлагийн тоглолт, спортын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, үндэсний болон олон улсын хоолны өдөрлөг зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Монгол Улс энэ тэмцээнийг зохион байгуулснаар дотоодын залуу тамирчдад урам зориг өгөх, сагсан бөмбөгийн хөгжлийг олон улсад сурталчлах, спортын аялал жуулчлалыг дэмжих зэрэг ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцоллоо.
Тэмцээний хэсгийн тоглолтууд энэ сарын 27-нд өндөрлөж, медальтнуудыг 29-нд тодруулна.
Монголын багийн тоглолтын хуваарь
Зургаадугаар сарын 23
18:25 – Монгол – АНУ (эрэгтэй)
20:15 – Латви – Монгол (эрэгтэй)
Зургаадугаар сарын 24
18:25 – Бразил – Монгол (эмэгтэй)
20:15 – Монгол – Испани (эмэгтэй)
Зургаадугаар сарын 25
18:00 – Монтенегро – Монгол (эрэгтэй)
20:15 – Монгол – Япон (эрэгтэй)
Зургаадугаар сарын 26
18:25 – ХБНГУ – Монгол (эмэгтэй)
20:15 – Монгол – Украин (эмэгтэй)