2026 онд Австрали улсад зохион байгуулагдах Хөлбөмбөгийн Эмэгтэйчүүдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний (ААШТ) урьдчилсан шатны тоглолтууд Даваа гарагт албан ёсоор эхэллээ.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг “B” хэсэгт багтсан бөгөөд тэд Тайланд улсад болох энэ шатанд Тайланд, Энэтхэг, Зүүн Тимор, Ирак зэрэг багуудтай өрсөлдөж байна. Хэсгийн анхны тоглолтоо манай бүсгүйчүүд Энэтхэгийн шигшээ багийн эсрэг хийсэн бөгөөд энэ тоглолтод 13:0 гэсэн хүнд хожигдлыг хүлээжээ.
Энэтхэгчүүд энэ ялалтаараа Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөгчөө хамгийн том зөрүүгээр ялсан шинэ рекордыг тогтоов. Өмнө нь тэд 1997 болон 2005 оны тэмцээнд Гуамын багийг тус бүр 10:0-ээр хожиж байжээ.
Манай эмэгтэй баг хэсгийн дараагийн тоглолтоо энэ сарын 26-нд Иракийн багийн эсрэг хийнэ. Үүний дараа тэд долдугаар сарын 2-нд талбайн эзэн Тайландын багтай 19:30 цагаас, хэсгийн сүүлийн тоглолтоо долдугаар сарын 5-нд Зүүн Тимортой 16:00 цагаас хийх хуваарьтай.
Зүүн Тиморын шигшээ баг энэ жил ААШТ-ий урьдчилсан шатанд анх удаа оролцож буй долоон шинэ оролцогчийн нэг юм. Түүнчлэн Бутан, Камбож, Пакистан, Саудын Араб, Шри Ланка, Туркменистан зэрэг багууд ч мөн түүхэндээ анх удаа тивийн тэмцээнд хүч үзэж байна.
Энэ жилийн урьдчилсан шатанд Монголыг багтаасан нийт 18 шинэ оролцогч баг эрхийн төлөө өрсөлдөж байгаа нь өмнө нь тохиолдож байгаагүй тоо юм. 34 баг найман эрхийн төлөө тулалдаж байгаа бөгөөд хэсэг тус бүрийн тэргүүлэгч баг 2026 оны тэмцээний эцсийн шатанд оролцох эрхээ авах юм.
2022 оны ААШТ-д медаль хүртсэн БНХАУ, Япон, БНСУ болон зохион байгуулагч Австрали улсын шигшээ багууд эрхээ шууд авсан.