Монголын хууль хяналтын байгууллагууд Оросын эрх баригчдын хүсэлтийн дагуу онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон ОХУ-ын иргэн Содном Будатаровыг баривчилж, тус улсын талд хүлээлгэн өглөө.
Будатаров нь ОХУ-ын Байгаль нуурыг хамгаалах чиглэлтэй “Экологи” үндэсний төслийн хүрээнд Буриадын Түнхэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хог хаягдлын цэвэрлэгээ, тохижилт хийх гэрээ байгуулсан ч тус ажлыг гүйцэтгэх явцдаа ажил гүйцэтгэлийн зардлыг үндэслэлгүйгээр нэмж, нийт 84 сая рубль завшсан хэрэгт буруутгагдаж байна.
2023 онд үйлдэгдсэн энэ хэргийг мөрдөн шалгаж эхэлснээс хойш Будатаров оргон зайлж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэлжээ. Улмаар 2025 оны тавдугаар сарын 28-нд Монгол Улсад баривчлагдсан байна.
ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын хүсэлтийн дагуу Монголын тал түүнийг хуулийн дагуу саатуулж, хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нь хоёр орны хууль сахиулах хамтын ажиллагаа идэвхтэй байгаагийн илрэл хэмээн үзэж байна.