Сүүлийн арван жилийн хугацаанд гол, нуур, усны ослын улмаас амиа алдсан иргэдийн 28 хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгааг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) анхаарууллаа. Ялангуяа зун, амралт, аялал зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцэн бага насны хүүхдүүд голын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол улам нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
ОБЕГ-аас эцэг эх, асран хамгаалагчдад дараах уриалга, зөвлөмжийг хүргэжээ. Гол, нуурын эрэг дагуу аялж, амрах үедээ:
- Бага насны хүүхдийг хяналтгүй орхихгүй байх
- Зориулалтын бус хийлдэг гудас, хөвөгч хэрэгслээр тоглуулахгүй байх
- Усны орчны онцлог, нөхцөлийг урьдчилан судалж, болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байх
- Хүүхдийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих
Гэнэтийн ослын дийлэнх нь хараа хяналтгүй, хяналт сул орчинд гарч байгаа бөгөөд бага насны хүүхдүүд өөрсдөө аврагдах боломжгүй байдгаараа онцлогтой. Тиймээс аялал зугаалга хийхээр төлөвлөж буй айл өрх, гэр бүлүүдэд энэ талаар онцгой анхаарах шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд онцолсоор байна.