Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар эх оронд маань төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар өнөөдөр Дамбадаржаа дахь “Япон иргэдийн дурсгалын цогцолбор”-т зочилж, гэрэлт хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Хүндэт зочдыг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, орлогч Т.Баярчимэг нар угтан авч, цогцолборын тухай мэдээлэл, менежментийн үйл ажиллагааг танилцуулсан юм. Уг дурсгалын цогцолборыг 2001 оны 10 дугаар сард Монголын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийслэлийн захиргаа, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан түүхтэй.
Дэлхийн II дайны дараа Сибирээс авчирсан 14,000 гаруй япон иргэн тухайн үеийн барилгын салбарын томоохон бүтээн байгуулалтад оролцсон байдаг. Тэд Засгийн газрын ордон, Дуурийн театр, Гадаад явдлын яамны барилга, Улсын төв номын сан, Элдэв-Очир кино театр, Нэгдүгээр амаржих газар, МУИС-ийн өргөтгөл, Намын сургуулийн байр, Их тэнгэр, Сонгино, Нүхт зэрэг олон обьектын барилгын ажлыг гүйцэтгэхэд гар бие оролцож байжээ.
Цогцолборын хадгалалт, хамгаалалтыг Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Улаан загалмай нийгэмлэг гэрээний дагуу хариуцан ажиллаж байна.
Энэ айлчлал нь хоёр орны түүхэн нөхөрлөлийг бататгахын сацуу энх тайван, харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлж байгаагийн илрэл болж байна.