Улсын драмын эрдмийн театрын найруулагч Э.Билгүүн Оросын нэрт зохиолч Михаил Булгаковын “Мастер, Маргарита хоёр” романыг тайзны бүтээл болгон хүргэхээр ажиллаж байна. Энэхүү зохиолыг тэрээр саунд драм хэлбэрээр үзэгчдэд толилуулахаар болжээ.
Шинэ бүтээлийнхээ талаар найруулагч Э.Билгүүн “Орост сурч байхдаа монголынхоо үзэгчдэд шинэлэг бүтээл үзүүлж, харуулах сан гэх чин хүсэл тээж байлаа. “Мастер ба Маргарита” бол хүн бүрийн сайн мэддэг роман. Энэхүү романыг жүжгийн хэлбэрт оруулах нь маш сонирхолтой бөгөөд чансаа шалгасан ажил байв. Зохиол дахь жаргал зовлон, хүний амьдралын ээдрээг тайзан дээр амилуулахын тулд найруулгын хурц шийдлүүдийг ашиглаж байна. Энэхүү жүжиг нь олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл бөгөөд үзэгчдийн сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.
Э.Билгүүний хувьд ОХУ-ын Москвагийн Театрын урлагийн академийг төгссөн бөгөөд өнгөрсөн оноос эхлэн Улсын драмын эрдмийн театрт уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна.
Ингэснээр дэлхийн уран зохиолын сор болсон энэ роман Монголын үзэгчдэд тайзны шинэ хэлээр хүрэхээр болж, театрын урлагт бас нэгэн онцгой бүтээл нэмэгдэхээр байна.