FIBA 3×3 буюу Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос 2027 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар албан ёсоор мэдэгдлээ. Тэмцээн 2027 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний хооронд Улаанбаатар хотод болох товтой байна.
Энэ нь Монгол Улс 3х3 төрлөөр Азийн аваргыг хоёр дахь удаагаа хүлээн авч зохион байгуулах гэж буй тохиолдол юм. Анх 2017 онд Улаанбаатарт болсон тус тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж, түүхэн анхны түрүүгээ хүртэж байсан.
Өнгөрсөн сард 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргыг амжилттай зохион байгуулсан Монгол Улс ийнхүү дахин олон улсын томоохон тэмцээний төв болж байгааг FIBA өндөр үнэлсэн байна.
FIBA 3×3 холбооны гүйцэтгэх захирал Алекс Санчез:
“Монгол 3х3 сагсан бөмбөгийн жинхэнэ дэлхийн хэмжээний улс гэдгээ баталсаар байна. Фэнүүд, уур амьсгал, талбай дээрх чанар нь Монголыг ирэх жилийн 3х3 сагсан бөмбөгийн Азийн аваргыг хүлээх нөхцлийг бүрдүүлж байна” хэмээн онцолжээ.
Ийнхүү Монгол Улс Ази тивийн шилдэг багуудыг дахин Улаанбаатарын талбайд угтан авах бэлтгэлдээ орохоор болж байна.