2025 оны долоодугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос мэдээлж байна – Монголын төр, шашин, соёл, урлагийн түүхэн зүтгэлтэн, анхны Богд гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй “Өндөр гэгээн даншиг наадам” энэ жил Өвөрхангай аймгийн Арвайхээр хот болон Есөнзүйл суманд өргөн цар хүрээтэйгээр болж байна.
Тус наадмын зорилго нь Анхдугаар Богд Занабазарын төр, шашин, соёлын салбарт оруулсан үнэт хувь нэмрийг алдаршуулахын зэрэгцээ Занабазар судлалыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаа юм. Мөн үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бататгах, Монголын уламжлалт соёл, спортын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьжээ.
Наадмын гол арга хэмжээний нэг болох хүчит 512 бөхийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой туршлагатай болон залуу бөхчүүд зодоглож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын аварга О.Хангай, арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, харцага Н.Золбоо, О.Наранбаатар нарын 460 орчим бөх барилдахаар бүртгүүлээд байна. Бүртгэл өнөө орой 18:00 цагт хаагдана.
Энэхүү түүхэн наадмын бөхийн барилдааны шагналыг УИХ-ын гишүүн, улсын аварга Д.Сумъяабазар ивээн тэтгэж байгаа бөгөөд нийт шагналын сан 500 сая төгрөгт хүрчээ. Түрүүлсэн бөхөд “Тоёота Ланд Крузер-300” маркийн автомашин гардуулах бөгөөд энэ нь шагналын цар хүрээ, үнэ цэнийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Наадам шашин, соёлын ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдээр эхэлж, сонгомол дээд, дунд, бага насны хурдан морины уралдаан зэрэг уламжлалт спортын арга хэмжээнүүд үргэлжилж байна. Энэ нь Монголын түүх, уламжлалыг тээж ирсэн өв соёлыг олон нийтэд сурталчлан, өвлүүлэх чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.