Монголын хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн улс орон даяар эхэллээ.
Жишиг талбай, тогтмол тэмцээний уламжлал
ХААН Банк 30 жилийн ойн хүрээндээ 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн найман дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулсан билээ. Энэ санаачилгыг уламжлал болгож жил бүрийн намар улсын хэмжээнд 3х3 тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн нь спорт сонирхогч залуусын хүсэн хүлээдэг арга хэмжээ болжээ.
Энэ жилийн онцлог
Энэ жил тэмцээнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж байна. Орон нутгийн шатанд ерөнхий боловсролын сургуулийн 9–12-р ангид суралцаж буй сурагчдаас бүрдсэн багууд оролцож байна. Аймаг, сумдын аварга болсон эрэгтэй, эмэгтэй шилдэг багууд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж, цаашлаад улсын аваргын төлөө хүч сорих боломжтой.
Тэмцээний үе шат
- Орон нутгийн шат: Наймдугаар сарын 17–20-нд 21 аймаг болон зарим сум, дүүрэгт зохион байгуулагдана.
- Бүсийн шат: Наймдугаар сарын 25–30-нд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.
- Улсын финалын шат: Наймдугаар сарын 30–31-нд нийслэлд болно.
Шагнал урамшуулал
Орон нутгийн шатанд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй багуудад дараах урамшуулал олгоно.
I байр – 1,000,000 төгрөг, өргөмжлөл, медаль
II байр – 700,000 төгрөг, өргөмжлөл, медаль
Ирээдүйд оруулах хувь нэмэр
Энэхүү тэмцээн нь хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, бие бялдрын хөгжилд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ 3х3 сагсан бөмбөгийг орон даяар хөгжүүлэх, цаашлаад тив, дэлхийн түвшний шилдэг тамирчдыг төрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.