БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 14-18-ны өдрүүдэд Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж буйг тус улсын Гадаад хэргийн яам албан ёсоор мэдээллээ.
Эдгээр гурван улс нь Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо болох АСЕАН-ы гишүүн бөгөөд Хятад улсын хувьд бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцаандаа чухал байр суурь эзэлдэг. 2024 оны байдлаар БНХАУ болон АСЕАН-ы хоорондын худалдааны эргэлт өмнөх онтой харьцуулахад 7.8 хувиар нэмэгдэж, 982.23 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Ши Жиньпиний айлчлалын хүрээнд эдгээр улсуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн түншлэл, худалдаа, инфраструктурын хөгжил, дипломат харилцааны гүнзгийрүүлэлт зэрэг олон талын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
БНХАУ АСЕАН-ы гишүүн орнуудаас Вьетнамыг стратегийн гол түнш хэмээн үздэг бөгөөд Вьетнам, Хятадын хоёр талын худалдааны эргэлт 260 тэрбум ам.доллар-т хүрсэн нь нийт худалдааны 27 хувийг бүрдүүлж байна.
Сүүлийн үед Хятад-АНУ-ын худалдааны зөрчил хурцдаж байгаа энэ үед БНХАУ бүс нутгийн эдийн засгийн харилцаа холбоог эрчимжүүлэх стратегийг баримталж буй нь Ши Жиньпиний энэхүү айлчлалаас тодорхой харагдаж байна. Тодруулбал, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао “АНУ-ын тарифын бодлого нь зөвхөн Хятадад бус, дэлхийн эдийн засагт эрсдэл учруулж байна” хэмээн мэдэгдэж, олон талт худалдааны тогтолцоог АСЕАН зэрэг түншүүдтэйгээ хамтран дэмжихээ илэрхийлсэн.