Америкийн алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жуниор 2025 оны 4-р сарын 11-ний өдөр Монголын Чингис хаан Үндэсний музейд зочилж, музейн бүх танхимаар аялан шууд дамжуулалт хийлээ. Энэхүү үйл явдлыг түүний 38.6 сая гаруй дагагч дэлхийн өнцөг булан бүрээс хамтдаа шууд хүлээн авч үзсэн нь монголчуудын соёл, түүхийг олон улсад түгээх чухал үйл ажиллагаа боллоо.
Даррен Уоткинс музейд саатах хугацаандаа гурваас есөн давхар хүртэлх бүх үзмэрүүдийг тайлбарлагчийн хамт үзэж сонирхон, түүхэн мэдээлэл авсан байна. Тэрээр Чингис хааны Хүндэтгэлийн өргөө-нд зочилж, Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, мөргөж байгаагаа фенүүддээ харуулсан нь олон үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ.
Музейн ахлах тайлбарлагч О.Энхцолмон монгол түүх, Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Монголын соёлын өвийг дэлгэрэнгүй тайлбарлан хүргэж, түүний лайв стримээр дамжуулан дэлхий дахинд Монголын нэрийг сурталчилсан юм.
IShowSpeed энэхүү аяллынхаа үеэр “Миний өвөг дээдэст дайчин удмын цус байсан гэдэгт би итгэдэг. Дахин Монголд ирвэл Чингис хаан Үндэсний музейгээр заавал дахин зочилно” хэмээн амлалт өгч, Монголын түүх, соёлын гайхамшигт сэтгэл хөдлөлөө илэрхийллээ.
Тэрбээр Монголд анх удаа ирж байгаа бөгөөд FIFA, Fortnite зэрэг тоглоомуудыг стрийм хийдэг, хошин, реакшн видеонуудаараа дэлхий даяар нэр хүнд олсон. Түүний шууд дамжуулалтын ачаар Чингис хаан Үндэсний музей олон улсын тавцанд илүү өргөн хүрээтэйгээр таниулагдах ховор боломж бүрдлээ.