2025 оны эхний улирлын байдлаар Монгол Улс нийт 128 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 3 тэрбум ам.долларыг экспорт, 2.5 тэрбум ам.долларыг импорт бүрдүүлсэн бөгөөд ийнхүү гадаад худалдааны тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарчээ.
Хэдийгээр худалдааны ашигтай гарсан үзүүлэлттэй байгаа ч экспортын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.5 хувиар, буюу 637.5 сая ам.доллараар буурсан байна. Үүнд голлон нөлөөлсөн хүчин зүйлс нь дараах экспортын бүтээгдэхүүнүүдийн бууралттай холбоотой байв:
- Нүүрс
- Алт
- Хонь, ямааны мах
- Төмрийн хүдэр
- Боловсруулаагүй газрын тос
Гэсэн хэдий ч зэс, цайр, жоншны хүдэр болон баяжмалын экспортын хэмжээ нэмэгдсэн нь экспортын бууралтыг тодорхой хэмжээнд нөхсөн үзүүлэлт боллоо.
Гадаад худалдааны тэнцэл ийнхүү ашигтай гарсан нь валютын урсгалд эерэгээр нөлөөлөх ч экспортын бүтээгдэхүүний төрөлжилт, дэлхийн зах зээлийн үнэ ханшийн хэлбэлзэл зэрэг хүчин зүйлд хамааралтай хэвээр байгааг эдийн засагчид онцолж байна.