50 гаруй гишүүн Ерөнхий сайдын эсрэг санал гаргалаа
2025 оны аравдугаар сарын 7-нд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад 50 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор өргөн барьжээ.
Санал гаргасан гишүүдийн дунд П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын нэр багтсан байна. Тэдний мэдээлснээр Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзжээ.
Үндсэн хуулийн зөрчил гэж үзсэн гурван үндэслэл
1. Хууль зүйн сайдын томилгоотой холбоотой маргаан
Тэдний мэдэгдэлд дурдсанаар Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны есдүгээр сарын 30-нд “онцгой бүрэн эрхийнхээ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдаар гишүүн томиллоо” хэмээн мэдэгдэл гаргасан нь Үндсэн хуулийн 39.4-т заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна.
Энэхүү заалтын дагуу Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэрийг гаргахаас өмнө УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Тиймээс уг үйлдэл нь Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд заасан нийцлийн зарчимд харшилсан гэж гишүүд үзэж байна.
2. Шүүх эрх мэдэлд нөлөөлсөн байж болзошгүй үйлдэл
Ерөнхий сайд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, төрийн өндөр албан тушаалтан учраас олон нийтэд мэдээлэл хийхдээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйл (гэм буруутай нь нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэхгүй) болон 49.2 дахь хэсэг (шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглох) заалтуудыг зөрчсөн гэж гишүүд тайлбарлажээ.
Тэдний хэлснээр, Ерөнхий сайдын ил тод мэдэгдэл нь шүүхийн хараат бус байдалд халдсан, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэсэн шинжтэй үйлдэл болсон байна.
3. Уул уурхайн биржийн тогтоолтой холбоотой асуудал
Мөн Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 20-нд баталсан 55 дугаар тогтоол нь тодорхой аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон, шударга бус өрсөлдөөнийг дэмжсэн, далд эдийн засгийг өөгшүүлсэн гэж үзжээ.
Уг тогтоолоор нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч компаниуд бүтээгдэхүүний дөрөвний нэгийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ын суурь үнэлгээг биржийн үнээр буюу бага үнээр тооцох нөхцөлийг бий болгосон нь шүүмжлэл дагуулж байна.
Парламентын үүрэг ба Үндсэн хуулийн хамгаалалт
Гишүүдийн мэдэгдэлд “Үндсэн хуульт ёсыг хамгаалж, парламентын дархлааг бэхжүүлэх нь УИХ-ын гишүүдийн үүрэг” хэмээн онцолжээ. Тиймээс дээрх гурван үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байгаагаа мэдэгдсэн байна.