Монголын залуу уран бүтээлч, дуучин Ж.Мишээл Казахстан Улсад зохион байгуулагдсан “Silk Way Star” олон улсын тэмцээний тэргүүн байр эзэлжээ.
“My Voice” шоугаар үзэгчдэд танил болсон тэрбээр өнгөрсөн хавар СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд монгол ардын дууны өнгө аясыг орчин үеийн хөгжимтэй хослуулсан уран бүтээлүүдээрээ танигдсан.
Тэр өмнө нь Б.Бадрууган агсны “Хонин цагаан үүл”, “Никитон” хамтлагийн “Амьдрал”, МУГЖ Т.Ариунаагийн “Чи минь” зэрэг дууг шинэ хэв маягаар коверлон дуулж, цахим орчинд олон мянган үзэгчдийн талархлыг хүлээж байв. Мөн “Bad Blood”, “The Legend of Love”, “Жаргалтай хос” зэрэг дуугаар уран бүтээлчийн хувьд өөрийн өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлж чадсан юм.
“Silk Way Star” нь жил бүр Евразийн бүсийн шилдэг залуу дуучдыг оролцуулдаг нэр хүндтэй олон улсын уралдаан бөгөөд энэ жилийн ялагчаар монгол дуучин тодорсон нь тус улсын урлагийн ертөнцөд онцлох үйл явдал боллоо.