Цэрэг татлагын хуваарь, зорилго
Нийслэлийн хэмжээнд 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн цэрэг татлага онцгой ач холбогдолтой бөгөөд залуусын эрүүл мэнд, мэргэжлийн ур чадварт онцгой анхаарал хандуулна гэж НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдэгдлээ.
“Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд иргэнийг хугацаат цэргийн албанд татах хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагааг аравдугаар сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулахаар боллоо. Иргэнийг зөвхөн цэргийн алба хаалгах биш, давхар мэргэжил эзэмшүүлэх зорилго тавьж байгаа юм” гэж тэрээр онцлов.
Эрүүл мэндийн үзлэгт онцгой анхаарал
Энэ удаагийн цэрэг татлага онцлогтой бөгөөд иргэдийн эрүүл мэндийн байдлыг нарийвчлан шалгахыг гол зорилго болгож байна. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт цэрэгт татагдах 2000 орчим залууг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулж, тэдний эрүүл мэндийн байдлын талаар дүн шинжилгээ хийнэ. Бусад дүүрэгт ч мөн адил цэрэгт татагдах залуусыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулна. Цэрэгт татагдах иргэд найман төрлийн шинжилгээнд хамрагдах бөгөөд энэ нь залуусын эрүүл мэндийн байдлыг илүү сайн тодорхойлоход тусална.
Мэргэжлийн ур чадвар ба сургалт
Цэрэгт татагдсан залуусын мэргэжлийн ур чадварыг судалж, тэдний сонирхолд нийцүүлэн мэргэшүүлэх төлөвлөгөөтэй байна. Жишээлбэл, орон нутагт МСҮТ байгаа бол оёдолчин, үсчин, гагнуурчин зэрэг мэргэжлээр богино хугацааны сургалт явуулж, хугацаат цэргийн албатай хослуулан эдгээр ур чадварыг эзэмшүүлнэ. Хэрвээ цэрэгт татагдсан иргэн аль хэдийн тодорхой мэргэжил эзэмшсэн бол түүнийгээ ахиулах боломжийг судалж байна.
Өнгөрсөн жилийн туршлагаас харахад цэргийн алба хаагчдад англи хэл, жолоочийн мэргэжил сургасан нь амжилттай болсон. “Хугацаат цэргийн алба хааж байхдаа жолооны курсэд суралцахад анхаарлын төвлөрөл сайн байдаг. Ингэснээр сайн жолооч нар бэлтгэгдсэн гэж багш нар хэлж байгаа” гэж Г.Ялалт онцолжээ.
Цэрэг татлагад шаардлагатай баримт бичиг
Цэрэг татлагын байранд ирэхдээ дараах баримт бичгийг авчирна:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжлийн үнэмлэх (хэрвээ мэргэжил эзэмшсэн бол)
- Диплом (хэрвээ сургууль төгссөн бол)
Цэрэг татлагын байрууд
Нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлагыг дараах байршлуудад зохион байгуулна:
- Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
- Налайх дүүрэг – Налайхын политехник коллеж
- Багануур дүүрэг – Гүн галуутай цогцолбор сургууль
- Багахангай дүүрэг – Хангай цогцолбор сургууль