Путин: “Буревестник” бол дэлхийд өрсөлдөгчгүй зэвсэг
Украины дайн үргэлжилж буй энэ үед ОХУ цөмийн хөдөлгүүртэй, хязгааргүй тусгалтай “Буревестник” далавчит пуужингийн шинэ туршилтыг хийсэн талаар Кремль мэдээллээ. Туршилтын талаар Ерөнхийлөгч Владимир Путин Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Валерий Герасимовтой уулзах үеэр мэдэгджээ.
Путиний хэлснээр, өнгөрсөн долоо хоногт болсон стратегийн давшилтын сургуулилалтын үеэр “цөмийн хүчний гурван бүрэлдэхүүн хэсэг”-ийг хамруулсан байлдааны туршилт хийгджээ. Үүнд “ирээдүйтэй зэвсгийн шинэ загварууд”, түүний дотор “Буревестник” багтсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч “Буревестник”-ийг дэлхийд аналоггүй онцгой зэвсэг хэмээн тодорхойлж, “энэ зэвсгийг ашиглах дэд бүтэц, ажиллагааны арга барилыг боловсруулах шаардлагатай” гэж онцолсон байна.
14 мянган км зайг туулсан туршилт
Ерөнхий штабын дарга Герасимовын мэдээлснээр, “Буревестник”-ийн туршилтыг арван сарын 21-нд хийсэн бөгөөд пуужин 14 000 км зайг туулахдаа таван цаг орчим агаарт байсан байна.
Түүний хэлснээр, пуужингийн техникийн үзүүлэлтүүд “ямар ч зайд өндөр хамгаалалттай байг оновчтой цохих чадвартай” болохыг харуулжээ.
Одоогоор барууны цэргийн байгууллагууд болон НАТО энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.
“Skyfall” нэрээр танигдсан супер зэвсэг
НАТО-гийн хувилбараар “Skyfall” хэмээх нэртэй энэ пуужинг ОХУ 10 гаруй жилийн турш хөгжүүлж байгаа юм. Түүний хөдөлгүүрт суурилуулсан жижиг цөмийн реактор нь пуужинг олон хоногийн турш агаарт нисэх боломжийг олгодог.
Вашингтоны Цөмийн аюулын эсрэг санаачилгын 2019 оны тайланд дурдсанаар “Skyfall” нь цөмийн цэнэг тээж, дэлхийг нам өндөрт тойрон нисэх замаар пуужингаас хамгаалах системийг тойрон гарах чадвартай бөгөөд цөмийн хошууг урьдчилан таамаглахад бэрх газарт унагах боломжтой хэмээн тэмдэглэжээ.





