2025 оны дөрөвдүгээр сарын 24-нд “Motorola” компани хиймэл оюун ухаанд суурилсан шинэ үеийн эвхэгддэг “Razr” цувралын гар утаснуудаа танилцууллаа. Энэхүү загварууд нь тус компанийн өөрийн AI хөгжүүлэлтээс гадна “Google”, “Meta”, “Microsoft”, “Perplexity” зэрэг дөрвөн өөр компанийн технологийг багтаасан гэдгээрээ онцлог болж байна.
“Motorola” компанийн Хойд Америкийн бүтээгдэхүүний маркетингийн захирал Мария Хосе Мартин “Хэрэглэгчдийн 30 орчим хувь нь нэг утсан дээрээ дөрвөн өөр хиймэл оюун ухааны үйлчилгээг ашигладаг болохыг бид олж тогтоосон” хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Шинэ загваруудын онцлох боломжууд:
- Perplexity AI: Хэрэглэгчийн хайлтад үндэслэн зураг, контент дээр үндэслэн урилга, төлөвлөгөө гаргах “Next Move” гэх AI функцтэй.
- Google Gemini: Подкаст санал болгох, зураг дундаас агуулга хайх зэрэг функцтэй.
- Meta Llama AI: Мэдэгдлийг хураангуйлж, дүн шинжилгээ хийх чадвартай.
- Microsoft Copilot: Бүтээмжийн чиглэлээр дэмжлэг үзүүлдэг туслах AI.
Энэхүү шинэ цувралд “OpenAI”-ийн “ChatGPT” багтаагүй бөгөөд “Perplexity” болон “Copilot” нь судалгаа, бүтээмжийн хувьд илүү оновчтой шийдэл болсон гэж Motorola тайлбарлажээ.
Шинэ Razr утаснуудын танилцуулгатай зэрэгцэн Google компанийг АНУ-ын шүүхэд дуудан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарсан. Android үйлдлийн системд зөвхөн Google-ийн хайлтын системийг суурилуулж, өрсөлдөгч системүүдийн орон зайг хаасан байж болзошгүй гэх үндэслэлээр энэ маргаан өрнөж байгаа юм.
Razr цувралын хамгийн дээд хувилбар болох Razr Ultra нь хэрэглэгчийн нүдний хөдөлгөөнийг таньж, утсаа хүрэхгүйгээр AI туслахыг идэвхжүүлэх функцтэй болжээ. Энэ функц нь дэлгэц дэлгэсэн үед л ажиллана.
Загваруудын үнэ:
- Razr Ultra: 1300 ам.доллар
- Razr Plus: 1000 ам.доллар
- Razr: 700 ам.доллар
Motorola-ийн шинэ цуврал ухаалаг гар утаснууд нь хиймэл оюун ухааны дэвшлийг хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээнд илүү бодитой, хүртээмжтэй байдлаар нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог юм.
