АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 22-23-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад (ӨАБНУ) болох “Хорийн бүлэг” (G20)-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр Майами хотод болсон “Америкийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт”-д оролцох үеэр “Йоханнесбургт болох G20-ийн уулзалтад оролцох бодолгүй” хэмээн хэлж, “Өмнөд Африк G20-ийн гишүүн байх ёсгүй” гэж мэдэгджээ.
Трамп ба Өмнөд Африкийн маргаантай харилцаа
Д.Трампын энэхүү мэдэгдэл нь АНУ болон ӨАБНУ-ын хооронд сүүлийн саруудад үүссэн үл итгэлцлийг дахин илтгэж байна.
Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн тавдугаар сард Цагаан ордонд ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафосаг хүлээн авч уулзах үеэр “Өмнөд Африкийн эрх баригчид цагаан арьст иргэдийн эсрэг гэмт хэргийг зогсоож чадахгүй байна” гэж буруутгаж байжээ.
Харин Ерөнхийлөгч Рамафоса хариуд нь, засгийн газар бүх төрлийн гэмт хэргийг бууруулахын төлөө хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд “цэвэр цагаан арьстнууд л гэмт хэргийн хохирогч болдог” гэсэн ойлголтыг эрс няцаасан байна.
G20 ба АНУ-ын байр суурь
G20 буюу “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт нь дэлхийн томоохон эдийн засаг бүхий орнуудын хамтын ажиллагааг хэлэлцдэг хамгийн чухал эдийн засгийн форум юм.
АНУ уламжлал ёсоор идэвхтэй оролцдог ч Дональд Трамп өмнө нь ч мөн олон талт хамтын ажиллагааны байгууллагуудын ач холбогдлыг эргэлзээтэй ханддаг гэдгээрээ танигдсан.





