Netflix-ийн супер шоуны од Монголын хөрсөн дээр
Netflix-ийн хамгийн өндөр үзэлттэй реалити шоу нэвтрүүлгүүдийн нэг болсон “Physical: Asia”-д Өмнөд Солонгосын багийн төлөөлөл болж оролцсон хүчирхэг эмэгтэй тамирчин Жан Ын Шил Монголд иржээ.
Түүнийг “Physical: Asia” нэвтрүүлгийн үеэр Монголын багийн менежментийг хариуцан ажилласан “Spark Agency” компанийн захирал Э.Дөлгөөн Улаанбаатар хотод угтан авч, олон нийтэд мэдэгдсэн байна. Тэрбээр өөрийн бичсэн мэндчилгээнд:
“Бидэнтэй өмнө нь “Physical: Asia” нэвтрүүлгээр уулзаж байсан Өмнөд Солонгосын багийн гишүүн Жан Ын Шил Улаанбаатарт ирсэн байна.
Тэр 2025 онд Adidas-ийн нүүр царайгаар ажиллаж байгаа. Өмнөд Солонгосын алдартаы бөх, реалити шоуны од бөгөөд Олон улсад эх орноо төлөөлөн тэмцээнд оролцдог. Монголд өнгөрүүлэх цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, мартагдашгүй дурсамж бүтээгээрэй”
хэмээн онцлон бичжээ.
Жан Ын Шилийн Монголд ирсэн шалтгаан, ямар төсөл, хамтын ажиллагаа өрнүүлэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор ил болоогүй байгаа ч спорт, контент бүтээл, брэндийн хамтрал зэрэг чиглэлээр ажил өрнөх магадлалтай гэж үзэж байна.
Adidas-ийн нүүр царай, олон мянган дагагчтай спортын инфлюенсер
2025 онд Жан Ын Шил дэлхийн спортын томоохон брэндүүдийн нэг болох Adidas-ийн албан ёсны нүүр царай болж, зөвхөн мэргэжлийн дэвжээний хүрээний бус, олон улсын түвшний танигдсан спорт, фитнесийн бэлгэдэл болжээ.
Тэрээр:
- Өмнөд Солонгосын нэр хүндтэй эмэгтэй бөх,
- реалити шоуны танигдсан оролцогч,
- олон улсын тэмцээнүүдэд улс орноо төлөөлөн оролцдог тамирчин гэдгээрээ өргөн хүрээнд танигдсан.
Спортын замналынхаа хажуугаар Жан Ын Шил цахим орчинд идэвхтэй контент бүтээгчийн нэг. Тэр:
- спортын бэлтгэл, тэмцээн, амьдралын хэв маягаа хуваалцдаг YouTube сувагтай бөгөөд 115 мянган дагагчтай,
- өдөр тутмын амьдрал, спорт, реклам, аяллынхаа агшнуудыг нийтэлдэг Instagram хуудсанд нь 610 мянган дагагч даган мөрддөг.
Ийнхүү мэргэжлийн спорт, масс соёл, брэндийн хамтын ажиллагаа, сошиал нөлөөллийн огтлолцолд буй Жан Ын Шилийн Монголд өнгөрүүлэх өдрүүд тамирчид, контент бүтээгчид, к-поп, к-спорт сонирхогчдын анхаарлын төвд байх нь гарцаагүй байна.





