-17.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа: Дэд бүтэц, замын ажилд голлон хөрөнгө төвлөрүүлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

НИТХ 2026 оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгээр баталлаа

Улаанбаатар хотын ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн эцэслэн баталлаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдээллээр 2026 онд Улаанбаатар хотын төсөвт нийт 4 их наяд 625.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх тооцоо гаргаад байна. Үүнээс төсвийн суурь орлогыг 3 их наяд 495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2 их наяд 616.8 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ. Нийслэлээс улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан байна.

Мөн нийслэлийн урсгал зардлыг 1 их наяд 517.3 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын төслүүд болон бусад үйл ажиллагааг 2 их наяд 7.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталжээ. Дүүргүүдэд олгох санхүүгийн дэмжлэгийг 13.8 тэрбум төгрөгөөр баталсан нь дүүргийн түвшний зарим ажлыг бие даан шийдвэрлэх, хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлаж байна.

Хөрөнгө оруулалтын 265 төслийн тал нь авто замын салбарт чиглэнэ

2026 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 265 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр баталжээ. Эдгээрийн 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 8.2 хувь нь нийгмийн салбарт, үлдсэн 6.8 хувийг бусад чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Тодруулбал, 12 байршилд нийт 50.4 км авто зам болон замын байгууламж шинээр барихын зэрэгцээ 33.8 км авто замыг шинэчлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна хоёр байршилд явган хүний гүүрэн гарц барих бөгөөд хотын замын хөдөлгөөн, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой 31 км замын гэрэлтүүлэг шинээр хийх ажлыг мөн тусгасан байна.

Дэд бүтэц, шугам сүлжээний өргөтгөлд 477 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулна

Улаанбаатар хотын дэд бүтэц, инженерийн барилга байгууламж, шугам сүлжээг нэмэгдүүлэх зорилгоор 2026 онд нийт 29 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр баталжээ. Эдгээр төслийн санхүүжилтийн дүн 477 гаруй тэрбум төгрөгөөр тооцогдож байна.

Хотын ус зайлуулах системийг сайжруулах хүрээнд 12 байршилд нийт 15.1 км урт зам талбайн борооны ус зайлуулах шугам угсрахад 12.6 тэрбум төгрөг зарцуулах юм. Мөн Сэлбэ, Дамбадаржаа орчмын ачаалал нэмэгдэж буй бүсэд шинээр баригдах дэд станцын ажилд 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвт тусгасан байна.

Эдгээр ажлууд нь хотын инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг сайжруулах, үер, халдвар зэрэг эрсдэлийг бууруулах, шинээр баригдаж буй хороолол, суурьшлын бүсийн эрчим хүч, дэд бүтцийн хэрэгцээг хангахад чиглэж байгаа гэж албаныхан тайлбарлаж байна.

Орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөг төсөвлөв

Нийслэлийн 2026 оны төсөвт Орон нутгийн хөгжлийн санд нийт 42.6 тэрбум төгрөг тусгасан байна. Энэхүү сангийн хөрөнгийг иргэдийн оролцоонд тулгуурлан, хороод, дүүргүүдийн түвшинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн гудамж, талбайн камержуулалтыг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг өргөжүүлэх, үерийн хамгаалалтын суваг шуудуу barих зэрэг төсөл, хөтөлбөрт дээрх хөрөнгийн тодорхой хэсгийг зарцуулахаар тусгасан байна. Ийнхүү нийслэлийн ирэх оны төсөв нь хотын авто зам, дэд бүтэц, инженерийн сүлжээний шинэчлэл, аюулгүй байдлыг сайжруулах, амьдрах орчны чанарыг дээшлүүлэхэд төвлөрсөн бүтэцтэй батлагдлаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу