Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны баг өнөөдрийн хуралдаанаараа нөхцөл байдлын шинэчилсэн мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын хийсэн ажлын тайлан, “Томуугийн үзлэг, оношилгооны хэсэг” байгуулах санал, цаашдын хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцжээ.
Сүүлийн 10 жилийн тандалтын дүнгээс харахад томуугийн вирусийн идэвхжил ихэвчлэн жил бүрийн 51–52 дахь долоо хоногт оргил төвшиндөө хүрдэг байна. 2025 оны 47 дугаар долоо хоногийн тандалтын мэдээгээр өмнөх долоо хоногтой харьцуулахад 0–4 насны хүүхдийн өвчлөл 0.5–1.5 хувиар буурсан бол 5–14 насны хүүхдийн дундах тохиолдол 2.3–2.4 хувиар өсөж, 65 болон түүнээс дээш насны хүн амын дунд 0.1 хувийн нэмэгдэл гарчээ.
Эдгээр үзүүлэлт нь томуугийн халдварын өсөлт ойрын хугацаанд үргэлжлэх эрсдэлийг харуулж байгаа тул дунд ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлэх нь зохистой гэсэн дүгнэлтийг Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг гаргасан байна.
Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх түр зохицуулалт
Үүнтэй уялдуулан Боловсролын сайдын 11 дүгээр сарын 27-нд гаргасан тушаал хүчин төгөлдөр хэвээр үлдэх бөгөөд Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.
Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 8-наас 12-ныг дуустал 1–5 дугаар ангийн сурагчид танхимаар хичээллэж, харин 6–9 дүгээр ангийн сурагчид ижил хугацаанд цахимаар хичээллэнэ гэж Боловсролын яам мэдэгдлээ.
Цахим хичээлийн дараах танхимын сургалтын горим
Бага, дунд ангийн цахим сургалтын энэхүү долоо хоног дууссаны дараа “2025–2026 оны хичээлийн жилийн бүтэц”-д заасан хуваарийн дагуу бүх хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулахыг мөн тус яам онцолжээ.





